"Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийн цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав

Компакт гэрээний урьдчилан биелүүлэх болзолт нөхцөлийг хангах зорилгоор боловсруулж буй “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийг голлох үүрэг оролцоотой яам, агентлагууд болон холбогдох бусад байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөр хэлэлцүүлж, саналыг тусгах зорилго бүхий цуврал хэлэлцүүлгийг Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас 2020 оны 11 дүгээр сарын 3, 6, 10-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 50 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, тус төлөвлөгөөг бодитой, үр дүн өндөртэйгээр хэрэгжүүлэх санал, шийдлүүд дэвшүүлсэн бөгөөд төлөвлөгөөний тодорхой хэсгүүдэд хамтран хэрэгжүүлэгчээр идэвхтэй оролцох хүсэлтээ илэрхийлсэн оролцогч, байгууллага олон байлаа. Цуврал хэлэлцүүлгээс гарсан саналуудыг “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төсөлд тусгаж, Засгийн газраар эцэслэн батлуулах юм. Эх сурвалж: Монголын МСС
Гэр хорооллын ус түгээх байрууд хэвийн горимоор ажиллаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Ус сувгийн удирдах газар, цэвэрлэх байгууламж болон гэр хорооллын ус түгээх байруудын хэвийн ажиллагаа, халдвар, хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг шалгалаа. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн насос, тоног төхөөрөмжид ямар нэг саатал, доголдол гараагүй, ажилтан, албан хаагчдаа хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлийгээр хангасан, хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөцтэй байгаа тухай газрын дарга Ц.Төрхүү танилцуулав. Удирдах газар хоногт 150-160 мянган м3 цэвэр ус олборлон нийслэлийн нэг сая гаруй хүн, 4500 гаруй үйлдвэр, аж ахуйн газарт түгээж, 160-170 мянган м3 бохир ус татаж зайлуулдаг. Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар /https://zasag.mn/news/view/25577/
Усан цахилгаан станц барих, усны менежментийн чиглэлээр Унгар улстай хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо

Монгол Улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал, хоёр орны улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны салбарын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа 10 аймагт усан цахилгаан станц барих, усны менежментийн чиглэлээр санал солилцож, дээрх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Монгол Улсын газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаагаас үүдсэн говийн бүс нутаг дахь усны асуудал нь бидний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж байна гэлээ. Унгарын мэргэжилтнүүд 1970-1980 оны хооронд Монгол оронд усны чиглэлээр нарийвчилсан судалгааг хийсэн байдаг. Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар /https://president.mn/16792/?fbclid=IwAR1Q3j69c0tve6fkqqILGmOkZrS5iu_YgW8H2FkE06KI2Jc8wQkfPfqxjjI#mobile/
Б.Бат-Эрдэнэ: Ус, дулаан танайд очихын тулд ямар шат дамжлагыг дамжиж, ямар зардал гардгийг иргэд ойлгох хэрэгтэй

“... Цорго онгойход л ус гоождог байхын тулд төр ажиллаж байгаа гэж. Тухайн хэрэглэгч гоожсон усныхаа төлбөрийг л төлөх ёстой гэж боддог. Гэтэл цаана нь усыг дамжуулж буй шугам хоолойн ариутгал халдваргүйжүүлэлт, засвар зэргийг хэн ямар зардлаар хариуцаж хийх вэ гэх мэт маш олон асуудал гарч ирнэ. Энэ зардлыг хэрэглэсэн усны тоолууртай нь холбож, суурь хураамжгүйгээр тооцсон ч адилхан хэмжээний л төлбөр гарна шүү дээ. Тиймээс иргэд ус, дулаан танайд очихын тулд ямар шат дамжлагыг дамжиж буй, тус бүрийн зардлыг хэн хариуцаж байгааг ойлгох хэрэгтэй...” (Шударга өрсөлдөөн, хэрэгчлэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ)Эх сурвалж: isee.mn /http://isee.mn/n/15001fbclid=IwAR1lph1WzbbjocYtqV_n33U8OxokHsOp5SVLNfGhgS9ITWoYnRDGkyCVMfQ/
“Сингапурын Олон улсын усны долоо хоног”-ийн арга хэмжээнд цахимаар оролцоорой

“Сингапурын Олон улсын усны долоо хоног” (Singapore International Water Week) арга хэмжээ энэ жил анх удаагаа цахимаар 2020.11.18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээгээр энэ удаад хот, суурин газрын усны менежментийг онцолж байгаа бөгөөд ус дахин ашиглалт (2020.11.18-ны 11:00am-12:00pm), ус ашиглалтын байгууллагууд дахь цахим шилжилт(2020.11.18-ны 9:15am-10:45am), усны менежментийг уур амьсгалын өөрчлөлтөд нийцүүлэх(2020.11.18-ны 5:00pm to 6:30pm) зэрэг олон сонирхолтой сэдвээр вэбинарууд зохион байгуулагдахаас гадна усны асуудлуудыг шийдсэн технологи, шийдлүүдийн экспо бас болох юм байна. Тус арга хэмжээний албан ёсны цахим хуудас (https://www.siww.com.sg/)-аар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх боломжтой. Эх сурвалж: https://www.siww.com.sg/
Жич: Энэхүү долоо хоног тутмын мэдээллийн хуудсын өнөөдрийн болон өмнөх долоо хоногийн дугаарыг манай цахим хуудсын Хэвлэл хэсгээс PDF хувилбараар унших болон татаж үзэх боломжтой.
