Түгээмэл асуулт, хариулт
Сургалт

Монголын Мянганы сорилтын сан

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах эрх, үүрэгтэйгээр Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 297 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан бөгөөд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монголын МСС-ийн үйл ажиллагааг Сангийн сайдын тэргүүлсэн Удирдах зөвлөл удирдан чиглүүлж, хяналт тавьдаг. Удирдах зөвлөл нь саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүнээс бүрдэх бөгөөд холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрддэг. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг ба Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэдэг.

Монголын МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал болон чиглэл хариуцсан захирлуудаас бүрдэх Удирдлагын баг удирдан явуулдаг. Компакт гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх зорилгоор МСК-ын Суурин төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төлөөлөгчийн газрыг МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал удирдан ажилладаг.

Монголын МСС нь төслийн хэрэгжилтийн шатанд хөтөлбөрийн нэгдсэн менежментийг хангах, төслийн барилга угсралтын ажилд зураг төслийн шатнаас эхлэн техникийн болон инженерингийн хяналт тавих ФИДИК-ийн Инженер буюу Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ХМЗ) АНУ-ын “Tetratech” компанитай, санхүүгийн болон худалдан авах үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр олон улсын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын журмаар шалгарсан Худалдан авах ажиллагааны төлөөлөгч Английн “Charles Kendall and Partners”, Санхүүгийн төлөөлөгч АНУ-ын “DTGlobal” компанитай тус тус гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Түүнчлэн, Монголын МСС нь Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Ус сувгийн удирдах газар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон холбогдох бусад байгууллагатай өдөр тутам харилцаж, уялдаа холбоог ханган ажиллаж байна.


АНУ-ын Мянганы сорилтын корпорац

АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд тодорхой шалгуурт тэнцсэн бага, дунд орлоготой улс орнуудтай Компакт гэрээ байгуулан, 5 жилийн хугацаатай буцалтгүй тусламж олгодог АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой. 


Компакт гэрээ

Компакт гэрээ гэдэг нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацаас тодорхой шалгуурт тэнцсэн улс орнуудад 5 жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгох гэрээ юм. МСК нь Компакт гэрээ байгуулах боломжит орныг шалгаруулахдаа “Эдийн засгийн эрх чөлөө, Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт, Шударга засаглал” гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг баримталдаг.

Монгол Улсын Мянганы сорилтын анхны Компакт гэрээ 2008-2013 онд хөрөнгийн эрх, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн салбарт хэрэгжсэн бол МСК нь 2015 оны санхүүгийн жилийн Үнэлгээний карт дахь Монгол Улсын үзүүлэлтийг харгалзан, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаараа Монгол Улсыг хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулах боломжит орноор шалгаруулсан юм.

Улмаар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх замаар нийслэл хотод ойрын хугацаанд нүүрлэж болзошгүй усны нийлүүлэлтийн хомсдлын сөрөг нөлөөллийг бууруулах, хувийн хэвшлийн түчээлсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-нд гарын үсэг зурсан. Компакт гэрээгээр МСК-аас олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаас гадна Монгол Улсын Засгийн газар Хөтөлбөрийн хэрэгжилтэд 111.76 ам.долларын хувь нэмэр оруулах үүрэг хүлээсэн. 

Талууд Усны Компактын санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, харилцан уялдаа бүхий гурван томоохон төсөл, үйл ажиллагааг Компакт гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлнэ. 


Компакт гэрээ хүчин төгөлдөр болох болон төсөл хэрэгжих хугацаа

Компакт гэрээ хэрэгжүүлж буй улс орнууд Мянганы сорилтын корпорацын бодлого, дүрэм журмын дагуу төсөл, хөтөлбөрүүдээ таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Таван жилийн хугацааг Компакт гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцож эхэлдэг.  Өөрөөр хэлбэл, МСК-тай Компакт гэрээ байгуулсан улс орны Засгийн газар тухайн гэрээгээр хүлээсэн тодорхой урьдач нөхцөлүүдийг биелүүлснээр гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болж, таван жилийн тоолуур гүйж эхэлнэ. Таван жилийн тоолуур гүйж дууссан тохиолдолд МСК санхүүжилтээ бүрэн зогсоох бөгөөд түүнээс хойших хугацаанд Компакт гэрээтэй холбогдох ямар ч ажил, үйлчилгээнд хөрөнгө оруулахгүй. Тиймээс, Монгол Улсын хувьд энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгийг бүрэн дүүрэн ашиглаж, үр ашгийг боломжит дээд хэмжээнд хүргэхийн тулд бүх төсөл, үйл ажиллагаагаа 5 жилийн хугацаандаа багтаан хэрэгжүүлэх нь чухал юм.  Монголын Усны Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд бүх төсөл, хөтөлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 


Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл

Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн усны хоёр шинэ эх үүсвэр, ус дамжуулах шугам хоолой, дэвшилтэт технологи бүхий хоногт 140 мянга, жилд 50 сая м³ хүртэл хэмжээний усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина.  


Хаягдал ус дахин боловсруулах төсөл

Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, Дулааны III, IV цахилгаан станцад үйлдвэрийн зориулалтаар эргүүлэн ашиглах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн насос станц зэрэг холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулна. Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18.0 сая хүртэл шоо метрээр бууруулах юм.


Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах, улмаар Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх бөгөөд энэ хүрээнд усны салбарын институцийн тогтолцоо, хууль эрхзүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх 5 дэд үйл ажиллагаанаас бүрдэнэ. 


Монголын МСС-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон хамтран ажиллах боломжуудын талаар мэдээллийг хаанаас авч болох вэ?

Худалдан авах ажиллагааны бүх зарлал Монголын МСС-ийн албан ёсны вэбсайт(www.mca-mongolia.gov.mn)-ын Худалдан авах ажиллагааны хэсэгт, түүнчлэн dgMarket (www.dgMarket.com), UNDBOnline (https://devbusiness.un.org/)-ын вэбсайт болон дотоодын гол мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдэнэ. Мэдээллийг цаг тухайд нь олж авахын тулд дээрх эх сурвалжуудыг тогтмол шалгана уу. Түүнчлэн таньд худалдан авах ажиллагаатай холбоотой асуух зүйл гарвал, эсвэл Монголын МСС-ийн худалдан авах ажиллагааны талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл, Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны төлөөлөгчтэй PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар холбогдоно уу. Цахим шуудангаа procurement@mca-mongolia.gov.mn цахим хаяг руу давхар илгээгээрэй.