Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”, хоорондоо харилцан уялдаа бүхий гурван төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, 2021 оны 3 дугаар сарын 31-нээс 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлнэ.

Байгаль орчин, нийгмийн нөлөөлөл

Монголын Мянганы сорилтын сангийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үйл ажиллагааны зорилго нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих (а) Улаанбаатар хотын ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийг байгуулах, (б) Хаягдал ус дахин боловсруулах, (в) Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй  сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилго бүхий Байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоо (БОНМТ)-г бий болгох юм.

Нийгмийн дүн шинжилгээ

Монголын МСС нь Компакт гэрээтэй холбоотой нийгмийн шинжилгээ хийж, Компактын үйл ажиллагааны нийгмийн нөлөөллийн зорилго, үзүүлэлтүүд болон зорилтот түвшинг нэгтгэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэв. Тус төлөвлөгөөнд хөтөлбөрийн төвшинд хамаарах нийгэмд нөлөөлөх эрсдэлийг тодорхойлон тэдгээрийг бууруулах арга зам, хөтөлбөрийн оролцогч талуудад үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлсон.

Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн дүн шинжилгээ

Мониторинг, үнэлгээний үйл ажиллагааны зорилго нь Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих төслүүдийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд мониторинг хийн, удирдлагын түвшинд шаардлагатай мэдээллийг боловсруулан гаргах, улмаар Монголын МСС болон Мянганы сорилтын корпорацын үйл ажиллагааны эцсийн үр дүнг хараат бусаар үнэлэхэд оршино.