Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах эрх, үүрэгтэйгээр Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 297 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан бөгөөд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монголын МСС-ийн үйл ажиллагааг Сангийн сайдын тэргүүлсэн Удирдах зөвлөл удирдан чиглүүлж, хяналт тавьдаг. Удирдах зөвлөл нь саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүнээс бүрдэх бөгөөд холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрддэг. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг ба Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэдэг.
Монголын МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал болон чиглэл хариуцсан захирлуудаас бүрдэх Удирдлагын баг удирдан явуулдаг. Компакт гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх зорилгоор МСК-ын Суурин төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төлөөлөгчийн газрыг МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал удирдан ажилладаг.
Монголын МСС нь төслийн хэрэгжилтийн шатанд хөтөлбөрийн нэгдсэн менежментийг хангах, төслийн барилга угсралтын ажилд зураг төслийн шатнаас эхлэн техникийн болон инженерингийн хяналт тавих ФИДИК-ийн Инженер буюу Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ХМЗ) АНУ-ын “Tetratech” компанитай, санхүүгийн болон худалдан авах үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр олон улсын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын журмаар шалгарсан Худалдан авах ажиллагааны төлөөлөгч Английн “Charles Kendall and Partners”, Санхүүгийн төлөөлөгч АНУ-ын “DTGlobal” компанитай тус тус гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Түүнчлэн, Монголын МСС нь Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Ус сувгийн удирдах газар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон холбогдох бусад байгууллагатай өдөр тутам харилцаж, уялдаа холбоог ханган ажиллаж байна.