БҮХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2022-07-30

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk
Улаанбаатар хот, 2022 оны 7 дугаар сарын 30 – Өнөөдөр Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр. 2014 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 30-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг энэ жил “Техник технологи ба Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдвийн дор тэмдэглэж байна.
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь хүн худалдаалах гэмт хэргийг үл тэвчих бодлого баримталдаг бөгөөд Компакт гэрээний санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, Компакт гэрээг хэрэгжүүлэх хүрээнд байгуулж буй бүхий л гэрээндээ хүн худалдаалах гэмт хэргийг хатуу хориглох заалтуудыг тодорхой тусгаж, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэж буй гэрээт байгууллагуудад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөөг тусгайлан боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг тавин, хэрэгжилтийг хянаж ажилладаг. Энэ хүрээнд барилга дээр ажиллаж буй ажилчид, орон нутгийн иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах, хүн худалдаалахтай холбоотой хэрэг зөрчлийг мэдээлэх, аливаа зөрчлийг хохирогч төвтэйгээр хянан шийдвэрлэх тогтолцоог төслийн нэгж бүрт бий болгох зэрэг арга хэмжээг авч байна. 

Poster

Нэгдсэн Үндэсний Байгууллага(НҮБ)-ын тэмдэглэлд дурдсанаар, жил бүр олон мянган хүүхэд, насанд хүрэгчид хүн худалдаалах буюу хүч хэрэглэх, залилан мэхлэх, албадах замаар бусдыг мөлжих гэмт хэргийн хохирогч болдог бөгөөд дэлхийн ихэнх орнуудад тус гэмт хэргийн тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байна. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын дийлэнх болох хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн бэлгийн боолчлол, албадан хөдөлмөр эрхлэлт, хил дамнуулсан хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна.

Манай улсын хувьд 2008 оноос НҮБ-ын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын гэрээнд нэгдэн, 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хамгааллын тогтолцоо, хохирогчдод үзүүлэх үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллаж, ахиц дэвшил гаргаж байна.

АНУ-ын Төрийн департаментаас жил болгон гаргадаг “Хүн худалдаалахтай тэмцэх үнэлгээ”-нд Монгол Улс хоёрдугаар түвшинд буюу хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэл бага боловч хүн худалдаалах гэмт хэргийг бүрэн устгасан байх наад захын жишигт хараахан хүрээгүй, энэ талаар ажиллах шаардлагатай улсуудын ангилалд багтаж байна. Тус үнэлгээнээс үзэхэд  Монгол Улсад бэлгийн мөлжлөг, хүчээр хөдөлмөр эрхлүүлэхээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хүлээн авсан, дамжин өнгөрүүлсэн, гаргасан аль аль тохиолдол тогтмол гардаг хэмээн дурджээ. Монгол Улсад бүртгэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу бэлгийн мөлжлөгийн хохирогч болон орж ирсэн байдаг байна. Тус тайланд, эрүүгийн хууль эрх зүйн заалтууд хоорондоо зөрчилтэй байдгаас үүдэн шүүхээр шийдвэрлэх үйл явц хүндрэлтэй, үүнээс улбаалан гэмт хэрэгтнийг хөнгөн яллах тохиолдол гарсаар байгааг огцолжээ.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас 2022 онд хийсэн “Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий болон тэсвэртэй байдлын суурь судалгаа”-гаар тогтмол бус орлоготой, шилжиж очсон газраа бүртгэлгүй, улирлын чанартай цагийн ажил эрхэлдэг оюутнүуд, ажил хайж байгаа хүмүүс зэрэг 18-30 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлтэй байгааг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан эрсдэл өндөртэй хүмүүсийн хоёр хүн тутмын нэг нь хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн байх шинжтэй байна. Түүнчлэн, Ковид-19 цар тахал нь иргэдийн амжиргааг доройтуулснаар хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий байдлыг илүү нэмэгдүүлж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийг даруй мэдээлэгтүн!

Хэрэв та хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон, эсвэл уг гэмт хэргийн хохирогч болсон хэн нэгнийг мэддэг,  холбогдох мэдээлэл байгаа бол доорх утсанд мэдэгдэнэ үү.

                Цагдаагийн шуурхай тусламжийн утас:          102

                Хүүхдийн тусламжийн утас:                           108

                Итгэлийн утас:                                               1800-1903

                Анбаунд Монгол ТББ:                                    7575-7875

Харин Монголын МСС-ийн төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой гарсан хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах хэрэг, зөрчлийг 8500-2158, 7711-1710 утас болон info@mca-mongolia.gov.mn цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ үү. Бид мэдээлэгчийн нууцыг чанд хадгалах болно.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.78 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.