Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчид, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийв
2020-05-11

Edit Choice

Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн танилцуулгын үеэр. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр. 

Улаанбаатар хот, 2020 оны 05 дугаар сарын 11 – Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэх ажлын хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа .

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, төслийн нарийвчилсан зураг төсөл, түүнчлэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө (БОННҮ/НШТ) боловсруулах ажлыг танилцуулж, хэлэлцүүлэн санал авахаар Хан-Уул дүүргийн 10, 13 дугаар хороодод 5 дугаар сарын 4 болон 6-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт тус хороод, дүүргийн иргэд, тэр дундаа эмзэг давхаргын иргэд, эмэгтэйчүүд, ахмад настнууд, залуучууд, малчид, түүнчлэн аж ахуйн нэгж, иргэний нийгэм, засаг, захиргааны байгууллагуудын нийт 93 төлөөлөл оролцов.

Choice 2

Хэлэлцүүлгийг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн журмыг чанд мөрдөн зохион байгуулав. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр.  

Шинэ Коронавирусийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уулзалт, хэлэлцүүлгийг хорио цээрийн дэглэм, хуулийн шаардлагад нийцүүлэн нэг дор 5-аас дээшгүй хүний оролцоо, нэг цагаас дээшгүй хугацаагаар, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн журмыг чанд мөрдөн зохион байгуулсан бөгөөд уулзалт бүрийн өмнө болон дараа хурлын танхимд чийгтэй цэвэрлэгээ хийж, оролцогч бүрийн биеийн халууныг хэмжиж, асуумж авч, хүн бүрт амны хаалтаа зүүх, гараа ариутгах шаардлага тавьж, хоорондын зайг барих шаардлагыг биелүүлж ажиллав.

Уулзалт бүрийн эхэнд Монголын МСС-ийн төлөөлөл, Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн нарийвчилсан зураг төсөл зохиох, БОННҮ, НШТ-г боловсруулж буй зөвлөх компанийн төлөөлөл хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлын талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулав. Уулзалтын төгсгөлд бүлгийн ярилцлага хийж, өрхийн судалгааг авч байлаа. 

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд юун түрүүнд зон олныг ундаалах усаар хангах буянтай ажил хийж буй төслийн багийнханд талархал илэрхийлээд, шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор орон даяар хөл хорио тогтоосон энэ хүнд нөхцөлд ажил үүргээ тасралтгүй явуулан, иргэдийг мэдээллээр хангаж, санал бодлыг нь сонсож байгаад сайшаалтай хандаж байлаа. Түүнчлэн Компакт гэрээний хүрээнд хэрэгжих төсөл, үйл ажиллагаануудын талаар маш тодорхой, үнэн зөв мэдээлэл авсандаа баяртай байв. Ялангуяа сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн, тэр дундаа ойр орчмын оршин суугчдын санаа зовоосон асуудлуудын нэг болоод байгаа Шувуун фабрик, Биокомбинат орчмын усны бохирдлын асуудлыг шийдэх өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх байгууламж барих гэж буйд олзуурхаж, үр хүүхдээ мөн үйлдвэрт ажиллах инженер, мэргэжлийн боловсон хүчин болгож бэлтгэх боломжийг ч сонирхож байлаа. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар ирээдүйд нийслэл хот баруун тийш тэлж, гэр хорооллын айлууд инженерийн шугам сүлжээнд холбогдсон нийтийн болон амины орон сууцанд шилжин амьдрах нэгэн суурь нөхцөлийг бүрдэж байгааг мөн төслийн багийнхан тайлбарлав.

Энэ сацуу иргэд санаа зовоосон асуудлуудаа мөн хуваалцаж, асуулт тавьж байв. Тус дүүрэг, хороодын нутаг дэвсгэр, ялангуяа гол усны ойролцоо хайрга, дайрганы карьеруудын зүй бүс үйл ажиллагаанаас үүдсэн орчны бохирдол, хөрсний ус ил гарсан зэрэг асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж байсан бол төслийн багийнхны хувьд холбогдох яам энэ асуудалд санаа тавьж, арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй буйгаа иргэдтэй хуваалцлаа.

Түүнчлэн Шувуун фабрик болон Биокомбинатаас ус олборлох нь Туул голын урсац, эсхүл тариалалт болон мал ундаалахад ашиглаж буй худгуудын усны төвшинд нөлөөлөх эсэх зэрэг санаа зовниж байсан асуултдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгийн чанартай хариулт авч чадсандаа иргэд сэтгэл хангалуун байв. Мөн бүтээн байгуулалтын үеийн орчны дуу чимээ, тоосжилтийн асуудлыг мэргэжлийн хүмүүс урьдаас тооцоолон иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангуулж ажиллахыг тайлбарлалаа. 

Уулзалт бүрийн төгсгөлд иргэд төслийн ажилд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хамтарч ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж байв.

Монголын МСС болон зөвлөх компанийн төлөөлөл мөн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт төслийн танилцуулга, мэдээлэл хийх уулзалтыг мөн зохион байгууллаа. Уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, тус дүүргийн 20, 22, 32 дугаар хорооны Засаг дарга Х.Нэмэхбаяр, Ж.Гантогтох, Б.Сүхбаатар нар оролцсон бөгөөд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн талаар ерөнхий мэдээлэл, дээрх дүүрэг, хороодын нутаг дэвсгэрээр дайрах цэвэршүүлсэн усны шугам хоолойн ерөнхий схем, зураглалын талаар мэдээлэл өглөө.

Уулзалт, хэлэлцүүлэг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэг, Газрын мэргэжилтэн Б.Гончигдорж нартай хийсэн уулзалтаар үргэлжлэв. Уулзалтын үеэр түүхий усны хоолойн зураг төсөлд орсон өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 5 дугаар сарын 11-нд хүргүүлж, санал солилцохоор болов.

Уулзалт, хэлэлцүүлгүүдийн үеэр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төслийг дэмжиж, шаардлагатай тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

 

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.