ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2023-02-15

Dsc03516

Улаанбаатар хот, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаатай  холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 17 компанийн 29 төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын Хөтөлбөр хариуцсан орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхтунгалаг уулзалтыг нээж үг хэлээд, цахим уулзалтад оролцогчдыг тендер шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урилаа.

Dsc03524

Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтаар хийх  ажлын эзлэхүүн  болон холбогдох бусад техникийн мэдээлэл, мөн төслийн талбар дахь газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн талаар танилцуулав. Түүнчлэн төслийн талбайтай биечлэн танилцах боломжгүй байгаа оролцогчдод зориулан видео хэлбэрээр бэлтгэсэн төслийн талбайд суурилуулах ус дамжуулах шугам хоолойн трасс, ус дамжуулах системийн бүрдэл хэсгүүдийн байрлал, дулааны цахилгаан станц дотор хийгдэх ажлуудын талаар  танилцуулга хийв.

Dsc03521

Dsc03518

Түүнчлэн Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны болон Санхүүгийн төлөөлөгчийн газраас тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлсийг дэлгэрэнгүй тайлбарлаж, байгаль орчин, нийгэм, жендер, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлага, Мянганы Сорилтын Корпорацын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар чиглэл хариуцсан захирлууд мэдээлэл өглөө.

Төгсгөлд нь оролцогчдын сонирхсон тодруулах асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг танилцуулга мэдээлэл, хурлын тэмдэглэлийн хамт бүх оролцогчдод цахим шуудангаар илгээх талаар мэдэгдэв.

Монголын МСС холбогдох төслийн талбартай танилцах аяллыг 2023 оны 2 дугаар сарын 13, 14-ний  өдөр зохион байгуулсан бөгөөд Ус дамжуулах шугам хоолойг суурилуулах трассын дагуу явж бүрдэл хэсгүүдийг байгуулах газрууд, хүндрэлтэй хэсгүүдийг үзүүлэн зураг төслийн шийдлийн талаар танилцуулав. Мөн Дулааны цахилгаан станц 3 болон 4 ТӨХК-уудын техникийн усны схемийг өөрчлөх ажлын хүрээнд шинээр байшин барилга барих, тоног төхөөрөмж суурилуулах газруудыг танилцуулж, холбогдох мэдээлэл өглөө. Төслийн талбартай танилцах аялалд нийт 19 компанийн төлөөлөл оролцов.

Dsc03323

Dsc03258

Dsc03325

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.