
Улаанбаатар хот, 2025 оны 8 дугаар сарын 9-ний өдөр. - Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд шинээр байгуулж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий уг үйлдвэрт Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинээр байгуулж буй Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том Баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.
Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж, өнөөдөр 99.5 хувьд хүрээд байгаа бөгөөд туршилт тохируулгын ажил үргэлжилж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 27 инженер техникийн ажилтан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр ажилдаа томилогдон ороод байна.
Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөр нь Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван төсөл, үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд 2025 оны 7 дугаар сарын байдлаар нийт хөтөлбөрийн гүйцэтгэл 86 хувьтай үргэлжилж байна.



