Усны салбарын эргэн тойронд 2020.12.28
2020-12-28

 салбарын эргэн тойронд 2020.12.28 Header Mng

Дархан арьс ширний цогцолбор"-ын ажил 20 гаруй хувьтай байна

Picture1

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар  "Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ. "Дархан арьс ширний цогцолбор" байгуулах төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна. Цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх юм.  

Эх сурвалж: www.zasag.mn

БОАЖЯ: 2020-2024 онд тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр 8000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ

Picture2

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван хоёр гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлдэг. Энэ хүрээнд тус дансанд төвлөрсөн мөнгийг анх удаа хөдөлгөж 2020 оны 9-11 дүгээр сард Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 оны ажлын тайландаа дурджээ. 2020-2024 онд тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх юм байна. 

 Эх сурвалж: БОАЖЯ-ны албан ёсны фэйсбүүк хуудас

Сэлэнгэ мөрний ус хурах талбайд барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг  хэлэлцлээ

Picture3

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан хамтарсан комиссын есдүгээр хуралдаан боллоо. Энэ үеэр мөн Сэлэнгэ мөрний ус хурах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх хамтарсан ажлын хэсгийн гуравдугаар хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Ажлын хэсгийн хуралдаанаар талууд Шүрэнгийн УЦС төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ, Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөх ба нийгмийн үр дагаврын үнэлгээний тухай, Эгийн гол усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааны ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ-ны албан ёсны фэйсбүүк хуудас

Олон улсын усны салбарын арга хэмжээ

 Газрын доорх усны судлаач, мэргэжилтнүүдийн цахим цугларалтад оролцоорой!

Picture4

Газрын доорх усны талаар мэдлэг, мэдээллийг түгээх зорилго бүхий “The Groundwater Project” олон улсын төрийн бус байгууллагаас 2021 оны хоёрдугаар сарын 3-26-ны хооронд дэлхийн гидрогеологийн салбарын шилдэг судлаач, эрдэмтдийн газрын доорх усны шинэ тутам судалгааны бүтээлүүдийг хэлэлцүүлэх цахим уулзалт, хэлэлцүүлгүүдийг цувралаар зохион байгуулах гэж байна. Арга хэмжээг “The Groundwater Project” байгууллагын YouTube сувгаар хүргэх бөгөөд илтгэгчидтэй шууд холбогдож харилцах, сонирхсон асуултаа хариулт авах боломжтой байх юм. Тус байгууллага энэ удаад дэлхийн газрын доорх усны судлаач, мэргэжилтнүүдийн хамгийн том цахим цугларалтыг зохион байгуулж, хоорондоо холбоо харилцаа тогтоон мэдлэг, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Дараах холбоосоор хөтөлбөртэй танилцан үнэгүй бүртгүүлж, оролцох боломжтой: https://events.gw-project.org/2021

Эх сурвалж: https://events.gw-project.org/2021