
Улаанбаатар, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр – Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монголын Мянганы сорилтын сан(Монголын МСС)-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монголын МСС-ийн төлөөлөл уулзалтын үеэр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Компакт гэрээгээр Засгийн газрын хүлээсэн үүрэг амлалтуудын биелэлт, мөн төслийн ажлыг саадгүй урагшлуулахад тулгамдаж буй асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайдад мэдээлэл өглөө.
Талууд Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллах, юун түрүүнд үйлдвэрлэлийн бохирдлыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс гарч буй бохир усны стандартыг хангуулахтай холбоотой ажлуудыг урагшлуулах, түүнчлэн Компакт гэрээгээр санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах төслийн хэрэгжилттэй уялдуулж ажиллах талаар санал солилцлоо.
Дашрамд дурдахад, шинээр барьж буй төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч, дахин боловсруулан ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах юм. Монгол Улсад хамгийн томд тооцогдох энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор техникийн зориулалтаар ашиглаж буй газрын доорх усны эрэлтийг бууруулж, улмаар энэ хэмжээний чөлөөлөгдсөн эх үүсвэрийг Улаанбаатар хотын унд, ахуйн ус хангамжийг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой болох юм.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.