
Улаанбаатар хот, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан 10 дугаар сарын 3-ны өдөр “Барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь“ сэдвийн дор дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
Уг ярилцлага уулзалтад Монголын МСС-ийн гэрээлэгч байгууллагууд болох Бүгд Найрамдах Туркийн улсын “МАПА Иншаат”, Израил улсын “Баран Групп”, Монголын “ЭМ СИ ЭС Пропертис” компанийн төлөөллүүд, төслийн нөлөөлөлд өртөж буй Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон төслийн хяналтын багийн гишүүд оролцсон юм.
Уулзалтын үеэр АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Нийгэм, жендэрийн асуудал хариуцсан захирал Шэйрон Рожерс дэлхийн бусад улс оронд хэрэгжүүлж буй Компакт гэрээний төсөл хөтөлбөрүүдийн холбогдох жишээ, шилдэг туршлага, гэрээлэгч компаниудын ололт амжилтаас хуваалцав. Тэрээр “Монголд барилгын салбарын ажиллах хүчний дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь олон улсын дунджаас доогуур биш байгаа ч барилгын салбар дахь энэ их хөрөнгө оруулалтыг мэргэжлийн ажиллах хүчин бэлдэх, ажлын байр нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийн орлого олох боломжийг сайжруулах зэргээр хүний хөгжил, сайн сайхан руу чиглүүлэх жишгийг тогтоохуйц түвшинд ойртуулах нь зүйтэй” гэдгийг онцоллоо. Оролцогчид туршлагaа хуваалцаж, тулгарч буй бэрхшээлээ ярилцаж хамтын ажиллагааны зарим шийдлүүдийг тодорхойллоо.


Монголын барилгын салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 2021 оны байдлаар дөнгөж 17 орчим хувьтай (“Зөвхөн эрчүүдийн ертөнц гэж үү?”, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, 2021 он) байсан нь энэ салбарын өөрийн онцлогоос гадна эмэгтэй ажилтанд ээлтэй ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлого дутагдаж, эмэгтэй ажиллах хүчний хомсдол үүссэн гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа аж.
Монголын Мянганы Сорилтын сангийн (МСС) нь Усны Компакт гэрээний хүрээнд АНУ-ын МСК-аас тавьдаг шаардлагын дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах дэд бүтцийг барьж байгуулах төслүүдийн хэрэгжилтэд нийгэм, жендэрийн тэгш байдалтай холбогдох шаардлагуудыг тендерийн бичиг баримтад тусгаж, төслийн хэрэгжилтийн бүх шатанд хангахыг гэрээлэгч компани бүрт үүрэг болгодог. Тухайлбал, гэрээлэгч компаниуд барилга бүтээн байгуулалтад оролцогч эмэгтэйчүүдийн тоог нийт ажиллах хүчний 30 хүртэлх хувьд хүргэх зорилтыг тавьж, бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
Энэ дашрамд, Компакт гэрээний хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гэрээлэн гүйцэтгэж буй Турк улсын "МАПА Иншаат" компанид краны оператораар ажилладаг тус салбарын нэгэн туршлагатай эмэгтэй мэргэжилтнийг танилцуулж байна.
Барилгын салбарын эмэгтэйчүүд
|
Б.Нямхүү мэргэжлээрээ 7 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай краны оператор, салбартаа цөөхөнд тооцогдох эмэгтэй мэргэжилтний нэг. Түүний ажлын анхны гараа Үнэт эдлэлийн дарханы мэргэжлээс эхэлсэн боловч ажил амьдралын явцад кран удирдаж сурах хүсэл тэмүүлэл нь түүнийг мэргэжлээ солих шийдвэрт хүргэжээ. Б.Нямхүү мэргэжлийн боловсрол олгодог сургуульд 1 жил суралцаж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авснаар өөрийн дурласан ажлаа хийх боломжтой болжээ. Түүний нөхөр мөн адил краны оператор бөгөөд эхнэрийгээ байнга тусалж дэмжихээс гадна мэдэхгүй чадахгүй зүйлс гарвал харилцан суралцдаг тухайгаа хуваалцав.
“Хэдийгээр Турк мэргэжилтнүүдтэй хэл нэвтрэлцэхгүй ч олон улсын мэргэжлийн дохионы хэлээр ойлголцоод ажлаа саадгүй үргэлжлүүлж байгаа. Турк мэргэжилтнүүд эмэгтэй мэргэжилтнүүдтэйгээ их хүндлэлтэй, хүлээцтэй, найрсаг ханддаг нь ажлын уур амьсгалыг таатай болгож, урам зориг өгдөг. Удирдлагын зүгээс ялангуяа эмэгтэй ажилчдад ажлын байрны таатай орчин бүрдүүлэх тал дээр их анхаарч ажилладаг санагдсан”. |
“Эмэгтэй хүн краны оператор мэргэжил эзэмших нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаад баяртай байгаа. Учир нь энэ мэргэжилд эмэгтэй хүний хийж чадахгүй зүйл огт байхгүй”.
|
|
МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ - Зай багатай битүү бүхээгт ажиллах - Барилгын талбарт ихэнх цагийг өнгөрүүлэх - Хөдөө орон нутагт ажиллах - Шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар ажиллах - Биеийн хүч шаардагдахгүй - Уртын ээлжээр ажиллах |
ЕРӨНХИЙ АЖИЛ ҮҮРЭГ - Кран ажиллуулах, ачаа зөөвөрлөх - Краны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах - Хөнгөн засвар үйлчилгээ хийх - Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих
|
|
УР ЧАДВАР - Мэргэжлийн сургалтад хамрагдан мэргэжлийн үнэмлэхтэй байх - Өндөрт ажиллах чадвартай |
|
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.
