
Улаанбаатар хот, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр – Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” нээлттэй хаалганы өдөрлөгт Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) оролцож, Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.


Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “Хэрэглэгчээ дээдэлье” уриан дор зохион байгуулсан өдөрлөгт Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар тэргүүтэй ус хангамж, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээний компаниуд болон орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 100 гаруй байгууллага өдөрлөгт оролцов.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ орон сууц, нийтийн аж ахуйн салбар нийт ажилтан, албан хаагчдад баярын мэнд хүргээд, “Нийтийн аж ахуйн байгууллагууд нэгдмэл нэг бодлоготой байх учиртай. Энэ үүднээс Төрөөс нийтийн аж ахуйн чиглэлээр баримтлах бодлогыг боловсруулж батлуулсан. Цаашид энэ бодлогын дагуу иргэдийн амьдралын ая тухтай байдлыг хангах, тэр дундаа хүн амд ус хангамж, ариутгах татуургын чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө салбарын байгууллагуудын харилцан уялдаа, хамтын ажиллагаа сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ. Мөн тэрбээр усны үнэ хэт хямд байгааг дурдаад, цаашид шугам сүлжээ нэмж барих, иргэдэд хүрч буй үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд усны үнийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэллээ.
Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд нийтийн аж ахуйн үйлчилгээтэй холбоотой асуудлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санал хүсэлтийг сонсох, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн санал санаачилгыг хүлээн авч ажиллалаа. Түүнчлэн ундны усны чанар, түүнд тавигддаг хяналт, усны ухаалаг, зөв хэрэглээний талаар мэдлэг мэдээлэл, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр гаргасан төрийн байгууллагуудын бодлого, шийдвэрүүдийг иргэд, олон нийтэд таниулан сурталчиллаа.


Монголын МСС нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд жилдээ 50 сая хүртэл метр куб усыг хотын төвлөрсөн шугамд нийлүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны хоёр шинэ эх үүсвэрийг ус гүн цэвэршүүлэх байгууламжийн хамт, шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт тус тус барьж байгуулна. Түүнчлэн усны салбарын хууль эрхзүйн орчин, институцийн чадавхийг сайжруулах, олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх замаар тус салбарын тогтвортой байдлыг хангаж, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалах зорилго бүхий төслийг мөн хэрэгжүүлнэ.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.