
Улаанбаатар хот, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр – Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески албан томилолтоо дуусган нутаг буцахын өмнө Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-д зочиллоо.
Монголын Мянганы сорилтын сангийн хамт олон Элчин сайдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, АНУ-ын МСК-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тууштай дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал (интерим) Д.Энхжаргал Компакт гэрээг хэрэгжүүлэхэд Элчин сайдын оруулсан үнэтэй хувь нэмрээр бахархаж, талархаж буйгаа илэрхийлээд, нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх чухал үүрэг бүхий энэхүү Компакт гэрээг Монголын МСС-ийн хамт олон өндөр хариуцлагатайгаар амжилттай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.


###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.