Улаанбаатар хот, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Байгууллагын дотоод сургалт, хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан ээлжит сургалтаа “Эмнести Интернэшнл” ТББ-тай хамтран 2023 оны 9 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар “Эмнести Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хуульч, судлаач Р.Очирбал “Хүний эрхийн тухай үндсэн ойлголт ба бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндлэх нь”, сургагч багш Б.Бадрал “Ажлын байрны дарамтын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх, эсрэг арга хэмжээ авах нь”, Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгэлзүйч Б.Оюунномин “Ажлын байран дээр бусдыг хүндлэх, тэгш оролцуулах соёлыг бүтээх нь” сэдвээр Монголын МСС-ийн нийт ажилтнуудад тус тус мэдээлэл өгч, сонирхолтой хэлэлцүүлэг, яриа өрнүүллээ.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын бодлого, Монгол Улсын холбогдох хууль, журам болон байгууллагын дотоод журам, бодлогын дагуу боловсруулан баталсан Сургалт, хөгжлийн цогц төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулдаг энэ сургалт нь нийт ажилтнуудын жил бүр заавал хамрагдах сургалтуудын нэг бөгөөд байгууллагын нийт хамт олны дунд ажлын байрны дарамтын тухай ойлголтыг нэмэгдүүлэх замаар урьдчилан сэргийлэх, хүний эрхийн мэдрэмжтэй, соёлтой, тэгш оролцоог хангасан, таатай ажлын нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Монголын МСС нь дотоодын сургалт, хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хүрээнд “Байгууллагын соёл ба багийн ажиллагаа”, “Анхны тусламж”, “Өөрчлөлтийн удирдлага” сэдэвт цуврал сургалтуудыг нийт ажилтнуудад, түүнчлэн “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны Улаан болон Шар номын гэрээ”-ний сургалтуудыг Хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ажилтнуудад тус тус зохион байгуулаад байна.