МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2022-06-09

5

Улаанбаатар, 2022 оны 06 дугаар сарын 9-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 06 дугаар сарын 9-ний өдөр Монголын МСС-ийн “Туул” танхимд амжилттай болж өнгөрлөө.

Хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тина Юү, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Уранчимэг, Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Хулан болон холбогдох захирлууд, албаны бусад хүмүүс оролцов.

3

Энэ удаагийн хурлаар Монголын МСС-ийн Санхүүгийн хариуцлагын төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлт, Дотоод аудитын багийн Чанарын баталгаажуулалт ба сайжруулалтын хөтөлбөрийг тус тус хэлэлцэн баталлаа.

Мөн Компакт гэрээний санхүүжилтэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс оруулах  хувь нэмрээс 2023 оны Улсын төсөвт тусгах санал, Хөрөнгийн болон автомашины паркийн менежментэд хийсэн дотоод аудитын дүн, 2021 оны 4 дүгээр сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний хооронд хийгдэх хараат бус аудитын төлөвлөлт ба аудит эхлүүлсэн тухай болон бусад асуудлаар танилцуулга хийж, хэлэлцүүлэв.

Түүнчлэн 2022 оны 7 дугаар сарын 01-нээс 2023 оны 6 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2022 оны 3 дугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн батлав.

4

1

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2022 оны 6 дугаар сарын байдлаар нийт 17 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.78 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.