МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2022-03-09

1

Улаанбаатар, 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдөр Монголын МСС-ийн “Туул” танхимд амжилттай болж өнгөрлөө.

2

3

Хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аманда Женнингс, МСК-ын Хөтөлбөрийн санхүүгийн үйлчилгээ хариуцсан захирал Ашли Шүмейкер, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй, Монголын МСС-ийн удирдлага, холбогдох захирлууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ удаагийн хурлаар Хөдөлмөрийн дотоод журам-хүний нөөцийн гарын авлагад оруулах нэмэлт, өөрчлөлт, Дотоод аудитын багийн 2021 оны үйл ажиллагааны тайлан болон Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, Гомдол барагдуулах механизмын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын дүнгийн талаар танилцуулж хэлэлцүүлэв.

Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2022 оны 2 дугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн батлав.

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2022 оны 3 дугаар сарын байдлаар нийт 16 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.

###

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.