УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУДЫН СУРГАМЖУУД (Цуврал-2)
2020-04-29

Jsxzit

Таны амьдарч буй хотод ус хамгийн элбэг зүйлсийн нэг байж болох юм. Харин дэлхийн олон бүс нутагт усны хямрал хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болоод байна. Хүн амын эрчимтэй өсөлт, түүнийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, усны бохирдол, алдагдал, засаглалын асуудал, хог хаягдал, цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ буурах зэрэг нь усны хямралын эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт усны гачигдалтай, хуурайшилт ихтэй хотуудын тоо улам бүр нэмэгдэж, өндөр температурын нөлөөгөөр усан сангуудын хэмжээ эрс багасч байна.

Жишээ нь, АНУ-ын Калифорни муж 120 жилийн турш үргэлжилсэн хуурайшилтын нөлөөгөөр 2013 онд нийт хотуудынхаа ундны болон хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай усны хэрэглээг эрс бууруулахад хүрсэн. Австрали улсад 2000-2010 оны хооронд мянганы гэгдэх их ган нүүрлэсэн. Үүнээс улбаалаад үндэсний хэмжээний болон муж улсуудын Засгийн газруудыг оролцуулж, усны салбарыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай болсон ба хүн амын усны боловсролыг ч хэзээ хэзээнээс илүү чухалчилж эхэлсэн байдаг.

Тэгвэл бидний хотууд усны хямрал болон уснаас үүдэх бусад аюулд бэлтгэлтэй байгаа юу? Ус хомсдох эрсдэлийг бууруулах үр дүнтэй санаачилгыг бодлогын хүрээнд авч үзэж байгаа юу? Усны менежментийн чиглэлээр тэргүүлэгч улс орнуудын санаачилгаас ямар сургамжууд авч болох вэ? Тэгвэл энэ талаар ярилцъя.

УСНЫ ХЯМРАЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

АНУ, Австрали, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд усны хямралыг даван туулахын тулд шийдэмгий, системтэй арга хэмжээ авч ирсэн. Эдгээр улс орноос усыг хамгаалах, усны нөөцийг үр ашигтайгаар удирдах талаар сурч болох шилдэг 10 сургамжийг толилуулж байна.

4) УСНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ

Дэлхийн өндөр хөгжилтэй зарим улс оронд ахуйн хаягдал усыг дахин боловсруулж, голын усны нөөцөө нөхөн сэргээлт, аж үйлдвэрлэл, ахуйн цэвэрлэгээ зэрэгт эргүүлэн ашиглах туршлагыг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн байдаг.

Харин зарим улс орны хувьд байдал эсрэгээрээ. Бразил улсын Үндэсний усны агентлагийн хийсэн судалгаагаар, одоогийн байдлаар Бразилд нийт  бохир усны 45 хувийг ямар нэгэн цэвэршүүлэх дамжлагаар оруулалгүйгээр  гол, нуур болон бусад усны эх үүсвэрүүдэд шууд цутгаж бохирдуулдаг. Бохир усыг ийн усны эх үүсвэрүүдэд шууд нийлүүлснээр ундны усыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэнд болон экосистемд хор хөнөөл учруулж байна.

Нэгэнт их хэмжээгээр бохирдсон усны сав газрууд болон эко системийг дахин сэргээн цэвэршүүлж, ашиглалтахх нь асар өндөр өртөгтэй, цаг хугацаа зарцуулах ажил тул бохирдлыг аль болох эртнээс багасгах арга хэмжээг төр, олон нийтийн оролцоотойгоор яаралтай авч хэрэгжүүлж эхлэх нь чухал.

5) УСНЫ АЛДАГДАЛТАЙ ТЭМЦЭХ

НҮБ-аас цэвэр ус, ариун цэврийн хүртээмжид хамрагдах нь бүх нийтийн ​​хүний эрх хэмээн 2010 онд тунхагласан. Гэвч дэлхий даяар 900 сая хүн энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Дэлхийн олон улс орон, бүс нутагт  усны эрэлт хэрэгцээ тогтвортой нийлүүлэлтээсээ давсан. Үүнээс шалтгаалаад дэлхийн томоохон хотуудад ноцтой хомсдол үүсч, энэ ялангуяа эмзэг давхаргын ард иргэдэд ноцтойгоор нөлөөлж байна.

Усны алдагдал улс орнуудад олон хэлбэрээр илэрдэг . Элбэг, дэлбэг усны хэрэглээний соёлоос, ус дамжуулах суваг хоолойн гэмтэл элэгдлээс, эсвэл хууль бус ус олборлолт зэргээс шалтгаалан усны алдагдал нэмэгдэж байдаг.

Пап лам Франциско усны асуудал нь боловсрол, соёлын асуудал гэдгийг 2015 онд хэвлүүлсэн нэвтэрхий тольдоо тэмдэглэжээ. Тиймээс хэвлэл мэдээлэл болон боловсролын байгууллагуудаар дамжуулан ард иргэд, албан газрууд болон төр, засгийн байгууллагуудын усны хэрэглээний соёлыг өөрчилж, усны алдагдлыг бууруулах нь хүн төрөлхтөнд тулгараад  буй нэн чухал шаардлага юм.

6) БОРООНЫ УСЫГ ЦУГЛУУЛЖ, ҮЕРЭЭС СЭРГИЙЛЭХ

Усны менежментийн хүрээнд дэлхийд шалгарсан хоёр жишээний нэг нь Сингапурт хэрэгжиж байна. Энэ нь хотын хэмжээнд борооны усыг хүн амын хэрэгцээнд зориулж их хэмжээгээр цуглуулах систем юм. Энэ систем нь усны нэмэлт эх үүсвэрийг бий болгож уламжлалт ус хангамжийн системийн ачааллыг бууруулж чадсан. Борооны ус хуримтлуулахын өөр нэг давуу тал нь аадар бороотой үед үерээс хамгаалдаг.

Нийтлэлийг “Дэлхийн байгаль орчныг хамгаалах байгууллага”-ын хамтрагч "Letras Ambientais" –ын  цахим хуудаснаас орчуулан хүргэв.

https://worldenvironmentalconservancy.org/10-lessons-of-the-leading-countries-in-sustainable-water-management/

https://letrasambientais.com.br/posts/10-licoes-dos-paises-lideres-em-gestao-sustentavel-das-aguas