УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУДЫН СУРГАМЖУУД(Цуврал-1 )
2020-04-20

Jsxzit

Таны амьдарч буй хотод ус хамгийн элбэг зүйлсийн нэг байж болох юм. Харин дэлхийн олон бүс нутагт усны хямрал хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болоод байна. Хүн амын эрчимтэй өсөлт, түүнийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, усны бохирдол, алдагдал, засаглалын асуудал, хог хаягдал, цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ буурах зэрэг нь усны хямралын эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт усны гачигдалтай, хуурайшилт ихтэй хотуудын тоо улам бүр нэмэгдэж, өндөр температурын нөлөөгөөр усан сангуудын хэмжээ эрс багасч байна.

Жишээ нь, АНУ-ын Калифорни муж 120 жилийн турш үргэлжилсэн хуурайшилтын нөлөөгөөр 2013 онд нийт хотуудынхаа ундны болон хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай усны хэрэглээг эрс бууруулахад хүрсэн. Австрали улсад 2000-2010 оны хооронд мянганы гэгдэх их ган нүүрлэсэн. Үүнээс улбаалаад үндэсний хэмжээний болон муж улсуудын Засгийн газруудыг оролцуулж, усны салбарыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай болсон ба хүн амын усны боловсролыг ч хэзээ хэзээнээс илүү чухалчилж эхэлсэн байдаг.

Тэгвэл бидний хотууд усны хямрал болон уснаас үүдэх бусад аюулд бэлтгэлтэй байгаа юу? Ус хомсдох эрсдэлийг бууруулах үр дүнтэй санаачилгыг бодлогын хүрээнд авч үзэж байгаа юу? Усны менежментийн чиглэлээр тэргүүлэгч улс орнуудын санаачилгаас ямар сургамжууд авч болох вэ? Тэгвэл энэ талаар ярилцъя.

 

УСНЫ ХЯМРАЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

АНУ, Австрали, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд усны хямралыг даван туулахын тулд шийдэмгий, системтэй арга хэмжээ авч ирсэн. Эдгээр улс орноос усыг хамгаалах, усны нөөцийг үр ашигтайгаар удирдах талаар сурч болох шилдэг 10 сургамжийг толилуулж байна.

1) УС, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГТАЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ

Өндөр хөгжилтэй улс орнуудад усны болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх санаачилгыг төр, засгийн зүгээс өргөнөөр дэмжиж, хэрэгжүүлдэг. Жишээлбэл, ус, цахилгааны хэмнэлттэй технологи, тоног төхөөрөмж ашигладаг айл өрх, албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудад Засгийн газраас урамшуулал, зарим тохиолдолд буцалтгүй тусламж үзүүлэх нь түгээмэл.

Харин хөгжиж буй орнуудын нийтлэг дүр зураг арай өөр. Бразил улсад л гэхэд үйлдвэрлэлийн хэрэглээний цахилгаан, эрчим хүчний гол эх үүсвэр устай шууд хамааралтай байдаг учир эрчим хүчний асуудал усны хямралтай шууд холбогддог. Гэсэн хэдий ч Засгийн газраас нь хүн амын ус, эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжиж, урамшуулах дорвитой бодлого хэрэгжүүлдэггүй. Жишээлбэл, 400 мянга гаруй хүн амтай Кампина Гранде хотод усны хомсдол нүүрлэж, эдийн засгийн идэвх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах томоохон хүчин зүйл болсон. бөгөөд үүссэн хүндрэлийг даван туулах явцад хүн ам болон аж үйлдвэрлэлийн салбар ихээхэн хохирол амссан байна.

2) БАЙГАЛЬ ОРЧИН, УСНЫ ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

 Дэлхийн өндөр хөгжилтэй ихэнх улс орны иргэд, олон нийт усны үнэ цэнэ, зохистой хэрэглээний талаар өргөн хүрээний мэдлэг, ойлголттой байдаг. Энэ нэг талаар ус хэмээх байгалийн баялгийг хайрлан хамгаалж, зохистой ашиглах талаар мэдлэг, ойлголтыг хүүхэд наснаас эхлэн сургууль, цэцэрлэгийн боловсролоор дамжуулан олгодогтой холбоотой. Үүний ард бүх нийтээрээ усыг хайрлан хамгаалах, хэмнэлттэй, үр ашигтайгаар хэрэглэж хэвших дадал зуршил бий болгох томоохон зорилго явж байдаг.

Жишээлбэл, Сингапур улсад нэг хүний өдрийн усны хэрэглээ 151 литр байсныг 2020 он гэхэд 147 литр болгон бууруулах стратеги боловсруулан хэрэгжүүлж байна. Сонирхуулахад, АНУ-д нэг хүний өдөр тутмын усны хэрэглээ 378 литр байдаг бол Бразилд 166 литр байдаг.

Энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгсүүд гол үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд олон нийтэд усны ач холбогдлыг ойлгуулах, дадал хандлагыг өөрчлөх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

Сингапур улс дэлхийн усны эрсдэл хамгийн өндөр улсуудын нэг. Гэсэн хэдий ч далайн усыг давсгүйжүүлэх, борооны ус цуглуулах, хуримтлуулах, хаягдал усыг эргүүлэн ашиглах зэрэг усны нөөц нэмэгдүүлэх олон аргыг ашиглаж, хүн амын усны хэрэглээг бууруулах, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээнд уриалах зэрэг олон олон кампанит ажил хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр усны менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлж байна. 

3) БАЙГАЛИЙН БАЯЛАГ, УСНЫ НӨӨЦӨӨ ХАЙРЛАХ, ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ

Зарим өндөр хөгжилтэй орны хувьд булаг шанд, гол мөрөн, байгалийн усны эх үүсвэрийн эрүүл, цэвэр тунгалаг байдлыг чанд сахин хамгаалдаг. Энэхүү санаачилгын хүрээнд дахин боловсруулсан болон цэвэршүүлсэн усыг дээрх усны нөөцүүдийг нөхөн сэргээх, хайрлан хамгаалахад ашиглах нь ч бий. Ингэснээр эдийн засгийн ашиг сонирхлыг байгаль орчны хамгаалалтай уялдуулж чадаж байгаа юм.

Харин хөгжингүй болон хөгжиж буй олон улс оронд энэ байдал эсрэгээрээ байх нь олонтаа. Жишээлбэл, Бразил улсад аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг Сан Франциско голын  нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүйгээр эрчимтэй ашиглаж байгаагаас үүдэн урсац нь тасрах, ойр орчимд ган гачиг нүүрлэх асуудал тасрахгүй байна.

Нийтлэлийг “Дэлхийн байгаль орчныг хамгаалах байгууллага”-ын хамтрагч "Letras Ambientais" –ын  цахим хуудаснаас орчуулан хүргэв.

https://worldenvironmentalconservancy.org/10-lessons-of-the-leading-countries-in-sustainable-water-management/

https://letrasambientais.com.br/posts/10-licoes-dos-paises-lideres-em-gestao-sustentavel-das-aguas

Үргэлжлэл бий.