Улаанбаатар хот, 2021 оны 10 дугаар сарын 04 - Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Зориг Сангаас жил бүр зохион байгуулдаг “Орон нутгийн байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн зочин багшаар уригдан, Монгол Улсын Засгийн Газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Танилцуулгын дараа Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөртэй холбоотой оролцогчдын асуултад хариулсан бөгөөд усны үнэ тариф, Улаанбаатар хотын усны тулгамдсан асуудлууд, тэдгээрийн боломжит шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ярилцлаа.
Энэ жилийн Орон нутгийн байгаль орчны манлайлал хөтөлбөрт 21 аймгийн нийт 200 орчим өргөдөл гаргагч өрсөлдсөнөөс шилдэг 21 оролцогч шалгарч Улаанбаатар хотноо ирсэн ба оролцогчдын 70 хувь нь байгаль орчны чиглэлээр, үлдсэн 30 хувь нь бусад салбарт манлайлдаг шилдэг залуусаас бүрджээ.

Орон нутагт ажиллаж амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрийг Зориг сан 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Конрад Аденауэр сан сүүлийн 5 жил дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуус байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудтай танилцан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийн зэрэгцээ салбарынхаа туршлагатай манлайлагчдаас болон харилцан бие биенээсээ суралцдаг.