ТӨРИЙН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН УСНЫ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-11-30

Dsc 0741

Улаанбаатар хот, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр - Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-нд туссан 60 ажлаас нэр бүхий 12 ажлыг нь Компактын хөрөнгөөр санхүүжүүлэн, холбогдох төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрхзүйн хүрээнд хаягдал усны сорьц авч, шинжилгээ хийх, усны бохирдолд хяналт тавих, илрүүлэх, ус бохирдуулсны төлбөр тооцох дүгнэлт гаргах  зэрэг үйл явцад лабораториудын гүйцэтгэж буй үүрэг, тэдний үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор Монголын Мянганы сорилтын сангаас “Төрийн болон нийслэлийн өмчийн усны итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагааны өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Dsc 0736

Dsc 0751

Энэхүү зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Ус сувгийн удирдах газрын Усны хяналтын төв лаборатори, “Монгол-Ус” ТӨҮГ-ын Усны хяналтын төв лаборатори, Геологийн төв лаборатори зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Лабораториудын хувьд ажлын ачаалал их, хүний нөөц дутмаг, мэргэшсэн мэргэжилтнүүдээ хувийн хэвшилд алддаг, цалин хөлс, төсөв санхүү хангалтгүй, багаж, хэрэгслүүд хуучирсан, засвар үйлчилгээ, урвалж бодис болон ашиглалтын зардлын өртөг жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч олон жилийн өмнөх төсвийн тооцооллоор тооцож төсөв баталсаар байгаа зэрэг нийтлэг бэрхшээлүүдийг хэлэлцэж, лабораториуд хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо солилцов.

Dsc 0753

Dsc 0771Усны газрын зүгээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг танилцуулж, хуулийн хэрэгжилтэд ахиц гаргахад лабораториуд оролцоо чухал болохыг тэмдэглээд, хаягдал усны шинжилгээ хийдэг лабораториудын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг тайлбарлав. Түүнчлэн, Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө болон хуулийн хэрэгжилтэд ахиц гаргахад лабораториудын хувь нэмэр болон анхаарч ажиллах зүйлсийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэв. Монголын МСС-ийн зүгээс лабораторийн тоног, төхөөрөмж нийлүүлэхэд тавигдах шаардлага, лабораторийг сонгох шалгуурыг дэлгэрэнгүй танилцуулж, хамтын шийдэлд хүрэх шаардлагатай байгааг онцолсон юм. Компактын санхүүжилтээр лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх энэхүү дэмжлэгийг олон хувааж тарамдуулахгүйгээр хамгийн тохиромжтой нэг лабораторийг сонгох нь чухал болохыг оролцогчид онцоллоо. Оролцогчдын зүгээс лабораториуд ийнхүү нэг дор цуглан, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, хамтын шийдэл эрэлхийлсэн анхны уулзалтыг зохион байгуулсан Монголын Мянганы сорилтын санд талархал илэрхийллээ.

Dsc 0790


Dsc 0822