Улаанбаатар хот, 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр - Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй гурван төслийн нэг болох Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Зардал нөхөхөд чиглэсэн техникийн туслалцааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-д үзүүлж буй билээ. Энэ ажлын хүрээнд Монголын МСС нь Үндэсний Статистикийн хороо (ҮСХ) болон Канад Улсын Коватер компанитай хамтран Улаанбаатар хотын ус хангамжийн сайжруулсан үйлчилгээнд орон сууцны болон гэр хорооллын хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгааг хийсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сард уг судалгааны тайланг монгол, англи хэл дээр бэлтгэж дуусгасан.


Энэхүү судалгааны тайланд Улаанбаатар хотын нийт 9 дүүргийн 4,975 өрхөөс авсан тоон судалгаа, хэрэглэгчдтэй хийсэн 55 фокус бүлгийн хэлэлцүүлэг, мөн усны салбарын экспертүүдтэй хийсэн ярилцлагын үр дүн зэргийг тусгасан. Тодруулбал, Улаанбаатарчуудын усны хэрэглээ, хүртээмж, үйлчилгээний сэтгэл ханамжийн асуудлыг тэдний нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, усны үйлчилгээнд төлөх төлбөрийн чадвар, эрмэлзэл зэрэгтэй уялдуулан судалсан анхдагч судалгаа болсон юм.
Судалгааны тайланг Монголын МСС-ийн зүгээс 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ХСУХАТАҮЗЗ-д хүлээлгэн өгч, цаашдын хамтын ажилд судалгааны үр дүнг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар санал солилцлоо. Тухайлбал, уг судалгааны үр дүнг дараа дараагийн судалгаанд суурь тоо баримт болгон ашиглаж, улмаар төр засгийн зүгээс усны нийгмийн бодлогыг боловсруулах, зорилтод хэрэглэгчдийг дэмжсэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргахад ашиглах юм. Энэ талаар ХСУХАТАҮЗЗ-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Доржбат, Үнэ тариф, судалгааны газрын дарга С.Нямдаваа нар “Улаанбаатар хотын айл өрхийн хэрэглэгчдийг бүрэн төлөөлөхүйц судалгааны мэдээлэл бүхий уг судалгааны үр дүн нь усны үйлчилгээний үнэ тарифын зохицуулалтыг хийхэд нэн чухал судалгаа болсныг онцолж, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос ХСУХАТАҮЗЗ-тэй байгуулсан Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээнд туссан хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөж, Компакт гэрээг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахыг хүслээ.
