Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 28-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сангийн (Монголын МСС) усны компакт гэрээний хоёр дахь төсөл болох Хаягдал ус дахин боловсруулах төслийн (i) газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг албан ёсоор эхлүүлэх, үүнтэй холбогдуулан Монголын МСС, НГЗБА-ны хооронд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан (ii) “Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн байгуулах, төслийн (iii) Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг Хэрэгжүүлэгч байгууллага буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд (НГЗБА) гардуулан өгөх зорилготой “Эхлэлийн уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Монголын МСС-гийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хаягдал ус дахин боловсруулах төслийн газар чөлөөлөлтийн ажил нь өмнөх төслийн газар чөлөөлөлтийн ажлыг бодвол газарзүйн байрлалын хувьд хотжилт илүү шигүү явагдсан, айл өрх гэхээсээ илүү томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд төслийн нөлөөлөлд өртсөн, бүх төрлийн инженерийн дэд бүтцийн нягтрал их гэх мэт хүндрэлийн зэрэглэл өндөртэй байна.” хэмээн онцлоод НГЗБА болон ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэн амжилт хүслээ.
Монголын МСС-гийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт өөрсдийн багийн “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-өө танилцуулж, НГЗБА-ны ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн газар чөлөөлөлтийн ажлын үр дүн, туршлага” илтгэлээрээ Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн газар чөлөөлөлтийн ажлын ололт амжилт, хичээл сургамжийн талаар танилцууллаа.

Улмаар Монголын МСС-гийн Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн П.Энхмандах дээр дурдсан “Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээний нэмэлт, өөрчлөлт”-ийн тухай илтгэл хийлээ.
НГЗБА-ны дарга Г.Батзориг болон Монголын МСС-гийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээнд гарын үсэг зуран баталж, Хаягдал ус дахин боловсруулах төслийн Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө хүлээлгэн өгснөөр уг арга хэмжээ нь өндөрлөв.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.