Тендер шалгаруулалтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа
2021-06-08

Viber Image 2021 06 10 15 02 06

Улаанбаатар хот, 2021 оны 6 дугаар сарын 8 – Монголын МСС Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд зураг төсөл боловсруулах, барилга, угсралтын ажил гүйцэтгэх олон улсын нээлттэй тендер шалгаруулалтууд зарлахаар төлөвлөж буйтай холбоотойгоор гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий цахим уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүд, хамтран зохион байгуулагч байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Viber Image 2021 06 10 15 02 15

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотыг, цаашлаад баруун тийш тэлэх шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх бөгөөд тэдгээр бүтээн байгуулалтын ажилд оролцох олон боломж хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байгааг онцоллоо. Мөн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулах тендер шалгаруулалтууд, холбогдох дүрэм журмын талаар мэдээллийг аль болох өргөн хүрээнд, дэлгэрэнгүй хүргэж, бүгдэд тэгш боломжийг олгох үүднээс бизнесийн холбоодтой хамтран цуврал цахим уулзалтыг зохион байгуулж буйг тодотгов.

Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адъяа Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүд нь нийгэм, эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой, бизнесийн олон боломжийг бий болгож байгааг цохон тэмдэглээд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг цахим уулзалтад идэвхтэй оролцож, тус тусын үйл ажиллагааны чиглэлээр бизнесийн ямар боломжууд байгаа талаар үнэ цэнэтэй мэдээлэл авч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх, төслийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцуулах уулзалт, арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж, хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. 

Viber Image 2021 06 10 15 02 07

Мэдээллийн эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг товч танилцуулсан бол АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин АНУ-ын Засгийн газрын гадаад тусламж хариуцсан агентлаг болох МСК-ын талаар товч мэдээлэл өгч, Компакт гэрээний хүрээнд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтад оролцож, МСК болон Монголын МСС-тай хамтран ажиллахын давуу талуудыг цохон тэмдэглэлээ.Viber Image 2021 06 10 15 02 08

Viber Image 2021 06 10 15 02 32

4

Үргэлжлүүлэн дэд бүтцийн хоёр төсөл болох Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа болон Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер, тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйл, МСК-ын Худалдан авах ажиллагааны журмын талаар мэдээллийг холбогдох захирлууд танилцууллаа. Түүнчлэн татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж,  МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар мэдээлэл өглөө.

4

Цахим уулзалтын төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгсөн бөгөөд Компактын бүтээн байгуулалт, тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой гадаад, дотоодын бүх компани, аж ахуйн нэгжид ижил тэгш, нээлттэй гэдгийг дахин тодотгов.

Дараагийн цахим уулзалт 2021 оны 6 дугаар сарын 11-ний Баасан гарагт Улаанбаатарын цагаар 16:00-17:30 цагт болно.

Ташрамд дурдахад, тендер шалгаруулалт болон төсөл хөтөлбөрийн холбогдолтой ерөнхий мэдээллийг Монголын МСС-ийн цахим хуудсаас, илүү дэлгэрэнгүй мэдээллийг Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны төлөөлөгчийн газартай PA-Mongolia@charleskendall.com холбогдон авах боломжтой юм. 

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.