
Улаанбаатар хот, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр - Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх төслийн ажлыг эхлүүлэх уулзалт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Парис танхимд боллоо.
Уулзалтад Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэх Монголын “М-Си-Эс Проперти” ХХК, туслан гүйцэтгэгч Францын “Egis Water and Maritime” болон “Veolia Water Technologies” компани, Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС), АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монголын МСС-ийн Хөтөлбөрийн менежментийн зөвлөх “Тетра Тек” компани, түүнчлэн Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК болон “Дулааны цахилгаан станц-4 ТӨХК”-ийн төлөөлөл тус тус оролцов.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Уранчимэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Ус дахин боловсруулах үйлдвэр нь Компакт гэрээний санхүүжилтээр бүтээн байгуулах хоёр томоохон үйлдвэрийн нэг гэдгийг тодотгоод, барилгын салбарт тэргүүлэгч “М-Си-Эс Проперти” ХХК, туслан гүйцэтгэгчид болох энэ талбарт мэргэшсэн Францын “Egis Water and Maritime”, “Veolia Water Techologies” компанийн хамтаар Монголын анхны том хэмжээний Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, бүтээн байгуулах ажлыг цаг хугацаанд нь, чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн амжилт хүслээ.

Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт энэ үеэр Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлэх бөгөөд үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн 2021 оны жилийн усны хэрэглээний 50 хувьтай (орон сууцанд амьдарч буй нийт 102,247 айл өрхийн усны жилийн хэрэглээ) тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ гэдгийг онцлов.


Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэхээр шалгарсан “М-Си-Эс Проперти” ХХК нь М-Си-Эс группийн салбар компани бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш нийт 60 гаруй төслийг, үүн дотор Шангри-Ла цогцолбор, Кока-Кола үйлдвэрийн барилга, Скай Резорт гольф, цанын бааз, Интермед эмнэлэг, Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлыг барьж байгуулах төслийн (NUBIA) Онгоцны засвар үйлчилгээний байгууламж, Белла Виста тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол, Оюу Толгойн гүний уурхайн барилга байгууламжууд, Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалтууд зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, дэлхийн барилгын салбарын томоохон төлөөлөгч Жакобс инженеринг, Ворлей, Самсунг Cи энд Tи, Мицубиши Чиёда зэрэг компаниудтай хамтран олон улсын томоохон төсөлд оролцон, хамтран хэрэгжүүлсэн тус компани барилга угсралт, төслийн менежментийн болон иженеринг чиглэлд амжилттай ажиллаж байгаа дотоодын компани юм. Энэ төслийг гүйцэтгэхэд Францын хоёр компани буюу дэд бүтцийн бүтээн байгуулалт, зөвлөх үйлчилгээний талбарт олон улсад нэр хүндтэй “Egis Water and Maritime”, цэвэр ус хангамж, ус цэвэрлэх, хаягдал ус цэвэрлэх технологи болон эрчим хүчний менежментийн чиглэлээр дэлхийд танигдсан “Veolia Water Technologies” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллана.
Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны нэгдүгээр улиралд дуусч, туршилт тохируулгын ажил үргэлжлэх бөгөөд улмаар 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.


###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.78 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.