Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөл УСУГ-ын Инженер, техникийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа
2022-04-08

Dsc 0827

Улаанбаатар хот, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр - Монгол Улсад хэрэгжиж буй Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийн хамгийн чухал оролцогч талуудын нэг нь Ус сувгийн удирдах газар (УСУГ) билээ. Тус газар нь Инженер, техникийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг улирал тутам зохион байгуулдаг бөгөөд 350 гаруй инженер, техникийн ажилтнуудыг хамруулсан 2022 оны I улирлын зөвлөгөөнийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр УСУГ-ын төв байранд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү үг хэлэхдээ УСУГ-ын цаашдын үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт, дэвшил авчрах Компакт гэрээний төсөл, хөтөлбөрийн талаар энэхүү зөвлөгөөний үеэр өргөн хүрээнд мэдээлэл өгснөөр газрын ажилтнууд бүрэн ойлголттой болох, цаашид шаардагдах бэлтгэлийг одооноос хангаж ажиллах зэрэг чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Dsc 0835 Min

Dsc 0736 Min

 

Dsc 0789 Min

Dsc 0747 Min

Dsc 0750 MinDsc 0836 Min

Үүний дараагаар Монголын Мянганы сорилтын сангийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар төсөл, хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл хийж гүйцэтгэсэн ажил, түүнчлэн 2022 оны хувьд болон ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлууд, мөн Компакт гэрээгээр Засгийн газраас хүлээсэн үүргүүдийн биелэлтийн талаарх илтгэлийг танилцууллаа.

Илтгэлийн төгсгөлд Мянганы сорилтын корпорацын Компактын үйл ажиллагааны хэлтсийн Ус хангамж, ариутгах татуургын асуудал хариуцсан ахлах захирал Кумар Ранганатаны зүгээс Монголын Усны компактыг боловсруулах болон хэрэгжүүлэх шатанд үнэтэй чухал хувь нэмрийг оруулсаар ирсэн УСУГ-ын инженер, техникийн ажилтнуудын хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэн цахим мэндчилгээг хүргэлээ.

###

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.