МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ “УСНЫ ТУХАЙ ТҮҮХҮҮД” КИНО УРАЛДААНЫ ЯЛАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2021-10-08

Улаанбаатар, 2021 оны 10 дугаар сарын 08 - Монголын кино институт болон АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорац (МСК) хамтран зохион байгуулсан “Усны тухай түүхүүд” сэдэвт кино уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “Блю  Скай” зочид буудлын “Жэйд” танхимд боллоо.

Арга хэмжээнд АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Соёлын яамны Урлаг бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын кино институтын дэд тэргүүн У.Ихбаяр нар шалгарсан уран бүтээлчдийн хамт уригдан оролцлоо.

 АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ урлаг, соёлын ач холбогдлыг онцлоод, Монголын Усны Компакт гэрээний хүрээнд өндөр чанартай ус хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаатай адил “”Усны Тухай Түүхүүд” кино уралдаан нь ч мөн өндөр чадвартай кино найруулагчдын тоог нэмэгдүүлэх зорилготойг хэлэв.

 Mg 1503

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э. Содонтогос Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн ач холбогдлын талаар онцлоод, Монголын МСС-ийн хэрэгжүүлж буй олон нийтийн устай харьцах дадал хандлагыг өөрчлөх тавдугаар дэд үйл ажиллагааны зорилго, энэхүү кино уралдаантай агаар нэг буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

 Mg 1498

Үргэлжлүүлэн уран бүтээлчдэд шагнал гардуулсан бөгөөд Ч. Хулангийн "Амин-Эрдэнэ" богино хэмжээний киног шүүгчдийн зүгээс “Усны өнөөгийн тулгамдсан асуудал болон үлгэр домгийг, бодит зураг авалт болон хүүхэлдэйн киноны хэлбэртэй чадварлагаар нэгтгэсэн бүтээл” хэмээн дүгнээд тэргүүн байрны шагнал олгожээ.

Тусгай шагналын эзнээр Б.Санжаабалдангийн “Ус” кино шалгарсан бөгөөд энэхүү бүтээлд усны хэрэглээний дадал зуршлаа өөрчлөх санааг “ус мэт тунгалаг”, ойлгомжтой өгүүлснийг шүүгчдийн зүгээс сайшаасан байна.

Залуу кино найруулагчийн ангилалд орон сууц болон гэр хорооллын оршин суугчдын усны хэрэглээний тэгш бус байдлыг хөндсөн, найруулагч М.Мандухайгийн “Талон” кино шалгарав. 

 Mg 1540

 Mg 1526