
2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр – Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор зохион байгуулав. Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл тус форумд оролцож, Мянганы сорилтын II Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц, мөн төсөл, хөтөлбөрүүд нь Улаанбаатар хотын ирээдүйн тогтвортой хөгжил, төлөвлөлттэй хэрхэн уялдаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Компакт гэрээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна.


АНУ-ын Мянганы сорилтын корпорацын тооцоолсноор, хөтөлбөрийн үр дүнд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, 30 жилийн дараах нийслэлийн 650 гаруй мянган өрхийн 2.4 сая гаруй иргэн, мөн үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг цэвэр усаар тогтвортой хангах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтыг биелүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик орчимд шинээр байгуулж буй ус хангамжийн баруун эх үүсвэрээс шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах зорилгоор ирээдүйд холболт хийх бололцоотой зургаан гаргалгааг төлөвлөсөн бөгөөд эхний гаргалгааны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас Шинэ Зуунмод хот руу цэвэр усны шугам татах текник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг зохион байгуулж байна.