
Улаанбаатар хот, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр –Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй гурван төслийн нэг болох Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-д Зардал нөхөхөд чиглэсэн техникийн туслалцааг үзүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ирээдүйд усны үйлчилгээний өртгийг бүрэн нөхөх зорилгоор үнэ, тарифын зохицуулалт хийхтэй холбоотой энэхүү техникийн туслалцааны хүрээнд хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзэл, төлбөрийн чадамж, усны хэрэглээ, болон эмзэг бүлгийн хэрэглэгчдийн нийгэм, эдийн засгийн нарийвчилсан тоон мэдээлэл зэрэг хэрэглэгчдийн түвшний мэдээллээр шийдвэр гаргагч талуудыг хангах юм.



Монголын МСС-аас оролцогч талуудад усны үйлчилгээний зардал болон хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, ХСУХАТАҮЗЗ, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар зэрэг хамтрагч байгууллагын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр усны хэрэглээ, хүртээмж, үйлчилгээний сэтгэл ханамжийн асуудлыг тэдний нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, усны үйлчилгээнд төлөх төлбөрийн чадвар, эрмэлзэл зэрэгтэй уялдуулан судалсан Улаанбаатар хотын нийт 9 дүүргийн 4,975 өрхөөс авсан тоон судалгаа, хэрэглэгчидтэй хийсэн 55 фокус бүлгийн хэлэлцүүлэг, мөн усны салбарын экспертүүдтэй хийсэн ярилцлагын үр дүн зэргийг тусгасан Төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны үр дүнгээс танилцуулсан юм.

Тус судалгааны тоо баримт, мэдээлэл болон дүн шинжилгээнд тулгуурлан бага орлоготой хэрэглэгчдэд чиглэсэн усны хөнгөлөлтийн хөтөлбөрийг боловсруулан, цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх юм. Хэлэлцүүлгийн үеэр хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөр (ХДХ)-ийн хувилбар, зохион байгуулалтыг хэлэлцэх зорилгоор олон улсад хэрэгждэг усны салбарын нийгмийн халамжийн үйлчилгээнүүд болон Монгол Улсад одоогоор хэрэгжиж буй халамжийн үйлчилгээнүүдийн талаар танилцуулав.


Оролцогчид хэд хэдэн багт хуваагдаж, ирээдүйд усны салбарын одоогийн хууль эрх зүйн орчин, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарах зохион байгуулалтын асуудал, зорилтот бүлгийг тодорхойлох болон тэдэнд хөтөлбөрийг хүргэх зэрэг ХДХ болон хэрэглэгчдийн худалдан авах чадвартай холбоотой чухал асуудлуудын талаар санал солилцон, хэлэлцэв. Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр усны үйлчилгээний зардлыг бүрэн нөхөх зорилгоор ирээдүйд бий болох усны үнэ, тарифын өсөлттэй холбоотойгоор бага орлоготой, эмзэг бүлгийн хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн ач холбогдлыг онцолж байв. Мөн ХДХ нь хамгийн бага орлоготой, усны үнэ тарифт өөрчлөлт орсноор хэрэглээ нь багасч болзошгүй эмзэг бүлгийн хэрэглэгчдэд чиглэсэн байх шаардлагатайг анхааруулж байлаа.
Уулзалтын төгсгөлд талууд хэрэглэгчдийн худалдан авах чадвар болон бага орлоготой эмзэг бүлгийн хэрэглэгчдэд чиглэсэн ХДХ зэрэг усны салбарын нийгмийн чухал асуудлуудыг хөндөн шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархаад, цаашид хийх судалгааны ажилд бүх талаар туслан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
###
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.