Улаанбаатар хот, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр – Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжиж буй Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд “Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа”-г хэрэгжүүлж байна. Тус дэд үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын гэр хороололд ус түгээх байраар дамжуулах ус хангамжийн үйлчилгээг хүргэхэд Ус сувгийн удирдах газар (“УСУГ”)-аас зарцуулж буй өндөр зардлыг бууруулахад чиглэгдсэн.
Энэ хүрээнд ус хангамжийн үйлчилгээг хүргэх, борлуулахтай холбоотой гардаг шууд зардлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын 7 дүүргийн гэр хороолол дахь шугамд холбогдсон нийт 182 ус түгээх байрыг автоматжуулах бөгөөд төслийн үр дүнд УСУГ-ын нийт шугаманд холбогдсон ус түгээх байрнууд автоматжсанаар гэр хорооллын иргэдийн ундны усны хүртээмжийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулах юм.
“Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг МСК-ын худалдан авах ажиллагааны удирдамжийн дагуу хараат бус Худалдан авах ажиллагааны төлөөлөгчийн газраар дамжуулан олон улсын нээлтэй тендер шалгаруулалтын аргаар 2022 онд амжилттай зохион байгуулсан. АНУ-ын МСК-ын зүгээс ажлын даалгавар, тендерийн баримт бичиг болон сонгон шалгаруулалтын явцыг шат дараатай хянаж, баталсан энэхүү тендерт нийт 5 компани санал ирүүлж өрсөлдсөнөөс техникийн шаардлага хангаж, хамгийн сайн үнэлэгдсэн “Эйч Ти Эл” ХХК компанитай Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”) нь гэрээ байгуулан ажиллаж байна.
Монголын МСС болон Эйч Ти Эл ХХК хамтран төслийн эхлэлийн уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Баасан гарагт зохион байгууллаа. Уулзалтанд МСК-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын МСС-ын холбогдох багууд, Хөтөлбөрийн менежментийн зөвлөх компани Тетра Тех, УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтэс, Үйл ажиллагааны хяналтын хэлтэс, Захиргаа, удирдлагын хэлтэс, Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж, Шугамаар ус хангах алба, болон гэрээт гүйцэтгэгч Эйч Ти Эл компанийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Эйч Ти Эл компани ус түгээх байрыг автоматжуулах төслийн ажлын аргачлал, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулж, талуудын санал зөвлөмжийг авлаа. УСУГ-ын зүгээс төслийн явцад холбогдох мэдээллээр ханган, ус түгээх байрнуудын талбай дээр ажиллах явцад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Гүйцэтгэгч нь 182 ус түгээх байрыг автоматжуулахтай холбогдох цогц ажлуудыг хоёр жил орчмын хугацаанд хийж гүйцэтгэн, баталгаат хугацаа, програм хангамжийн үйлчилгээний гэрээний хүрээнд шаардлагатай засвар, үйлчилгээг үзүүлэх юм.

###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.