Монголын МСС болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан МАПА групп хамтран Нийгэм жендэрийн нэгдсэн төлөвлөгөөг оролцогч талуудад танилцуулж, хамтран ажиллах чиглэлийг зөвшилцөх уулзалтыг 2021 оны 9 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулав.

Компакт гэрээгээр хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоог хангах замаар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бодлогыг тодорхойлох Монголын Мянганы сорилтын сан (МСС)-ийн Нийгэм жендэрийн нэгдсэн төлөвлөгөө 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан билээ. Тус төлөвлөгөө нь Монголын МСС-ийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Компакт гэрээний үр шимээс эмэгтэйчүүдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг болзошгүй эрсдэлүүдийг бууруулах цогц төлөвлөгөө юм.

Уулзалтад төслийн нөлөөлөлд өртөж буй дүүрэг, хороодын төлөөллүүд оролцсоноос гадна орон нутаг дахь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд, мөн нийгэм, жендэрийн оролцоог хангах, холбогдох эрсдэлийг бууруулах, хохирогчдод туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн холбогдох хороодын засаг дарга нартай орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тал дээр хамтран ажиллахаар тохиролцов. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд холбогдох чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ярилцав.

Харин хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэд болон барилга угсралтын ажил гүйцэтгэгч компаниудын ажилчдыг тогтмол сургах тал дээр иргэний нийгэм болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд санал солилцов. Уулзалтын үеэр иргэний нийгэм болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс дээрх эрсдэлүүдийг бууруулах болон хохирогчдийг хамгаалах, шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор албан бус зөвлөл байгуулах санал гарч оролцогчид санал нэгтэйгээр тус албан бус зөвлөлийг байгуулахаар тохиролцов.
Нийгэм, жендэрийн оролцоог хангах, орон нутгийн иргэдийн эдийн засгийг дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаануудаас эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн иргэдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд нэн чухал суурийг тавьсан уулзалт болж өнгөрлөө.