Улаанбаатар хот, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Усны үйлчилгээний үнэ цэнэ, бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа”-г хэрэгжүүлнэ. Энэхүү дэд үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр дизайныг боловсруулах зөвлөхийг МСК-ын дүрэм журмын дагуу олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар энэ оны эхний хагас жилд амжилттай зохион байгуулж, Азийн сан шалгаран 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээг үзэглэсэн. Иймд уг зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлэх уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Пума Империал зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалтад БХБЯ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ХСУХАТАҮЗХ, Усны газар, Туул голын СГЗ, УСУГ, ОСНААУГ, ХОСНАА хөгжлийн төв, ОСНАА мэргэжлийн холбоод, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, төслийг хэрэгжүүлэгч Азийн сангийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцов. Уулзалтыг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, Мянганы сорилтын корпорацын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тина Юү, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг нээж үг хэллээ.

Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэгч Азийн сан нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар ус олборлох, ашиглахтай холбоотой усны үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулж, улмаар Улаанбаатар хотын айл өрхүүд хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг дадал хэвшилтэй болоход чиглэсэн үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр дизайныг хагас жилд багтаан боловсруулах юм. Энэхүү эхлэлийн уулзалтаар зөвлөх үйлчилгээний багийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд ашиглах судалгааны арга зүй, ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогч талуудын санал, зөвлөмжийг авав.


Цаашид зөвлөх багийн зүгээс дизайныг боловсруулахад шаардлагатай нэмэлт судалгааны ажлыг хийх, дизайныг боловсруулах, тухайн дизайны ажилд талуудаас санал авч эцэслэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын даалгаврын цар хүрээг тодорхойлох зэргийн ажлуудыг гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгөх юм. 
###
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм