Улаанбаатар хот, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр –Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааны дизайныг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг нар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурлаа.
Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэгч Азийн сан нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар ус олборлох, ашиглахтай холбоотой усны үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулж, улмаар Улаанбаатар хотын айл өрхүүд хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг дадал хэвшилтэй болоход чиглэсэн үйл ажиллагааны дизайныг хагас жилд багтаан боловсруулах юм. Ингэхдээ Зөвлөх нь энэхүү дизайныг боловсруулахдаа оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, тэдний санал зөвлөмжийг авч тусган, эцэслэн боловсруулж Монголын МСС-нд хүлээлгэн өгнө.
Тус гэрээг үзэглэхээс өмнө Монголын МСС нь МСК-ын худалдан авах ажиллагааны дүрэм, журмын дагуу өрсөлдөөнт тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, уг тендерт санал ирүүлсэн долоон байгууллагаас шалгарсан Азийн сантай гэрээний хэлэлцээрийг амжилттай хийх зэрэг шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм. 
