Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав
2019-06-03

5c7f19764a74d

Зүүн гар талаас АНУ-ын Мянганы сорилтын корпорац (MСК)-ын Европ, Ази, Номхон Далай, Латин Америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Кэролайн Нуен нар. Монгол Улс, Улаанбаатар хот. 


Улаанбаатар /МОНЦАМЭ/ 2019 оны 3 дугаар сарын 6 -  Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорац (MСК)-ын Европ, Ази, Номхон Далай, Латин Америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Кэролайн Нуенг хүлээн авч уулзав. 

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК нь Монгол Улсын усны салбарт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээ хэрэгжсэнээр, Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгаа юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хатагтай Кэролайн Нуентэй уулзахдаа Компакт гэрээний Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээнд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилт, талуудын үүрэг оролцоо, татвараас чөлөөлөх зэрэг чухал асуудлыг нарийвчлан зохицуулсан байна. Гэрээнд гарын үсэг зурснаар Компакт гэрээний хэрэгжилтийн бэлтгэлийг хангах нэгэн чухал зорилт биеллээ олж буйг талууд онцлон тэмдэглэв.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески болон МСК-ын төлөөлөгчид байлцав.


Эх сурвалж : МОНЦАМЭ агентлаг