
Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудын анхааралд
Цахим хурлын урилга
Монголын Мянганы сорилтын сангийн Худалдан авах ажиллагааны танилцуулга
(2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар)
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан нь Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг дараах худалдан авах ажиллагааны хүрээнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Хуулийн зөвлөх үйлчилгээ;
- Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн Нээлттэй тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ;
- Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит зардал, бохирдлын өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах гэрээ;
- Үйлдвэрийн хаягдал усны мэдээллийн сан байгуулах, хаягдлын агууламжийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох судалгаа;
- Лаг шатаах, хатаах үйлдвэрийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ;
- Ус ашиглах байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжилт, зохион байгуулалтаар хангах;
- Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ;
- Фидик гэрээний сургалт;
- Хэлэлцээний чадварыг эзэмшүүлэх сургалт;
- Мэргэшсэн төслийн удирдлагын сургалт;
- Компактын хэрэгжилтийн тухай баримтат кино болон видео зураг авалт, продакшны үйлчилгээ;
- Олон нийттэй харилцах агентлагийн үйлчилгээ.
БАРАА:
- Усны чанар шинжлэх лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэх;
- Автомат дээжлэгч, лабораторийн төхөөрөмж, хэрэгслүүдийг нийлүүлэх;
- Барилга угсралтын талбайд ажиллахад шаардлагатай багаж хэрэгсэл, зөөврийн тоноглол нийлүүлэх;
- Хүний нөөцийн програм хангамж;
- Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах.
ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:
- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний мэдээлэл, сурталчилгаа.
Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын https://www.mcc.gov/ppg цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.
Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас https://mca-mongolia.gov.mn/, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http://www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, болон өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.
Монголын Мянганы сорилтын сангаас 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд зарлахаар төлөвлөж буй дээрх Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани, аж ахуйн нэгжийн төлөөллийг энэхүү Цахим хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.
Цахим хурлын огноо/цаг: 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг;
Цахим хурлын холбоос: https://bit.ly/3vd0hnG
Цахим хурлын хөтөлбөрийн тойм:
- Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Төсөл, хөтөлбөрийн товч танилцуулга;
- Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй тендер шалгаруулалтуудын талаарх мэдээлэл;
- МСК-ын Худалдан авах ажиллагааны дүрэм, журам болон холбогдох мэдээллийн танилцуулга.
Цахим хурал нийт 60 минут үргэлжлэх ба хурлын төгсгөлд Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөл хуралд оролцогчдын асуултад хариулна. Тус цахим хуралд оролцохыг сонирхож буй компанийн төлөөлөл, хувь хүмүүс 2021 оны 10 дугаар сарын 26-аас өмнө https://bit.ly/3j32D3r холбоосоор бүртгүүлнэ үү.
Монголын Мянганы сорилтын сан