
Улаанбаатар, 2019 оны 11 дүгээр сарын 19 - АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац(МСК)-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс 2019 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллав.
Энэ хүрээнд Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцсан Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон МСК-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 18-ны даваа гаригт ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг АНУ-ын Засгийн газар болон МСК-ын баримталдаг суурь зарчмууд, улмаар тэдгээр зарчим нь МСК болон Монголын МСС-ийн үйл ажиллагаанд бодитоор хэрхэн тусгалаа олсон байдаг талаар танилцуулж, авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай үр дүнтэй тэмцэх, сэргийлэх, таслан зогсоох асуудлаар төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхний дуу хоолойг сонсч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс, МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал Алекс Рассин, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос болон Авлигатай Тэмцэх Газрын төлөөлөл, түүнчлэн ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Зориг сан, Транспарэнси Интернэшнл, Глоб Интернэшнл, Нээлттэй нийгэм хүрээлэн, Ил тод байдал сан тэргүүтэй төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцлоо.
Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай эсрэг МСК-ын баримталдаг зарим, дүрэм журмыг танилцуулах энэхүү 3 өдрийн сургалтад Монголын МСС-ийн бүх ажилтан хамрагдах бөгөөд сургалтын дараа МСК-тай хамтран Монголын Усны Компактад хамаарах авлига, хээл хахууль, луйврын эрсдэлийг тодорхойлж, улмаар авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм. Улмаар дээрх үйл ажиллагааны төлөвлөгөөг Монголын МСС-ийн вэб хуудас дээр нийтэлж, цаашид жил тутамд шинэчилж явна. Энэхүү сургалт болон Авлига, хээл хахууль, луйврын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө нь МСК-ын бодлогын дагуу Компакт гэрээ хэрэгжүүлж буй бүх улс орнуудад заавал хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг юм. Энэ нь нэг талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд гарч болзошгүй авлига, санхүүгийн луйврын эрсдэлээс сэргийлж, төсөл хөтөлбөрийг үр ашгийг өндөр байлгах баталгааг хангахаас гадна, Компакт хэрэгжүүлэгч бусад улс орны Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэж буй туршлагаас суралцаж, өөрийн орны туршлагыг мөн хуваалцах боломж олгодгоороо өндөр ач холбогдолтой юм.
Компакт гэрээнд заасан хөтөлбөр, төслийг авлига, санхүүгийн луйвраас ангид амжилттай хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын үүрэг оролцоо бүхнээс чухал юм. Нэг талаас ард түмний нүд чих болж, хууль бус аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүрэгтэй ба нөгөө талаас Компактын хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтыг иргэдэд үнэн зөвөөр сурталчилж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж чадах юм.
Тиймээс Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон МСК-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.
МСК нь Компакт гэрээ байгуулах боломжтой орныг шалгаруулахдаа “Эдийн засгийн эрх чөлөө, Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт, Шударга засаглал” гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг баримталдаг бөгөөд тэдгээр шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг Компактын хэрэгжилтийн шатанд ч жил тутам үнэлэн баталгаажуулдаг. Монгол Улс 2016 онд “Шударга засаглал” шалгуурын нэг хэсэг болох “Авлигын хяналт” үзүүлэлтээр хангалттай оноо аваагүй хэдий ч МСК-ын Удирдах зөвлөлөөс хоёр дахь Компакт байгуулах орноор дахин шалгаруулсан. Энэ нь нэн ховор тохиолдол болохыг МСК-ын талаас онцолж, цаашид авилгатай тэмцэх ажлаа эрчимжүүлэн, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгосон юм.
Сануулахад, нийслэл Улаанбаатар хотын хүн ам, түүнийг дагаад усны хэрэгцээ хурдтай өсөн нэмэгдэж буйгаас улбаалан 2021 он гэхэд усны эрэлт нийлүүлэлтээсээ давах төлөвтэй байгаа юм. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар усны салбарын дэд бүтцийг сайжруулан, урт хугацааны бодлого зохицуулалтын шинэчлэл хийж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэхээр зорьж буйгаараа өндөр ач холбогдолтой төсөл юм.
Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан буурай орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ийн талаархи мэдээллийгwww.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.