
Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах зөвлөхийн тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 17 компанийн 28 төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын Хөтөлбөр хариуцсан орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхтунгалаг уулзалтыг нээж үг хэлээд, цахим уулзалтад оролцогчдыг тендер шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урилаа.

Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал Компакт гэрээний талаар товч танилцуулж, Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах зөвлөх үйлчилгээний хүрээнд хийж гүйцэтгэх ажлууд болон холбогдох асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Түүнчлэн Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны болон Санхүүгийн төлөөлөгчийн газраас тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлс, төлбөр тооцоо, аудитын шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарлаж, татвар болон МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар Хуулийн ерөнхий зөвлөхийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуульч Б.Отгонбаяр мэдээлэл өглөө.
Төгсгөлд нь оролцогчдын сонирхсон тодруулах асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг танилцуулга мэдээлэл, хурлын тэмдэглэлийн хамт бүх оролцогчдод цахим шуудангаар илгээх талаар мэдэгдэв.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.