
Улаанбаатар хот, 2021 оны 8 дугаар сарын 17 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлын олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулж буйтай холбогдуулан Тендер ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 20 гаруй компанийн төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тухай товч танилцуулаад, цахим уулзалтад оролцогчдыг тендер шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урьж, амжилт хүслээ.
АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин захирлын орлогч Эрик Гүтшоф АНУ-ын Засгийн газрын гадаад тусламж хариуцсан агентлаг болох МСК-ын талаар товч мэдээлэл өгч, Компакт гэрээний хүрээнд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтад оролцож, МСК болон Монголын МСС-тай хамтран ажиллахын давуу талуудыг цохон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Монголын МСС-ийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлын цар хүрээ болон холбогдох бусад техникийн чанартай мэдээллийг танилцуулав. Түүнчлэн Ковид-19 цар тахлын улмаас төслийн талбайтай биечлэн танилцах боломжгүй байгаа тул видео хэлбэрээр бэлтгэсэн төслийн талбайн танилцуулгыг оролцогчдод хүргэлээ.

Цахим уулзалтаар мөн тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлс, татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг танилцуулга мэдээлэл, хурлын тэмдэглэлийн хамт бүх оролцогчид цахим шуудангаар илгээхээ мэдэгдэв.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.