
Улаанбаатар хот, 2021 оны 4 дүгээр сарын 15 - Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос “Зориг сан” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн цахим уулзалтад зочин илтгэгчээр оролцож, Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Цахим уулзалтад “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрт шалгарсан байгаль орчны шилдэг 22 залуу мэргэжилтнээс гадна “Зориг сан” ТББ-ын төлөөлөл оролцов.
Уулзалтаар Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулан нээлттэй ярилцлаа.
Тэрээр энэ үеэрээ Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх таван жилийн хугацаа тоологдож эхэлснийг дурдаад, “Ирэх таван жилийн хугацаанд бид Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотынхоо ус хангамжийн асуудлыг цогцоор нь шийдэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд, цаашлаад үр дүнд нь бий болох хоёр том үйлдвэр, мөн шинээр баригдаж байгаа төв цэвэрлэх байгууламжийг тогтвортой, үр ашигтай ажиллуулж, авч явахад мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин, залуус та бүхний үүрэг оролцоо тун чухал. Өөрөөр хэлбэл энэ гурван үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцээд ус хангамж, ариутгах татуургын мэргэжилтэн, инженер гэдэг хамгийн эрэлттэй, нэр хүндтэй ажил мэргэжил болно. Бидний зүгээс чадварлаг ажиллах хүчнийг одооноос бэлтгэх чиглэлд Ус сувгийн удирдах газар болон холбогдох сургуулиудтай хамтран ажиллана. Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх, Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрүүд байгуулагдаж байгаа учраас энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлага ч гарах болов уу. Тиймээс та бүхэн маань одооноос илүү их хичээж, уншиж судалж, мэргэжилдээ дурлаж, шинжлэх ухаанч, эрэл хайгуулч байж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж бэлтгэх хэрэгтэй” хэмээн захив.
Мөн тэрээр Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төслүүд, ялангуяа Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн нэгэн чухал хэсэг болох Олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх, усны үнэ цэнэ, бохирдлын өртгийн талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, түүнчлэн үйлдвэр, аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усны бохирдлыг бууруулж, Туул голоо цаашид бохирдлоос хамгаалах зэрэг олон ажилд байгаль орчны залуу манлайлагчид чухал хувь нэмэр оруулж, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.