Улаанбаатар хот, 2023 оны 06 дугаар сарын 14 - Монгол Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-нд зочилж, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээлэлтэй танилцаж, тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Ц.Идэрбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Уулзалтын эхэнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Тина Юү нар Улаанбаатар хотын амин чухал асуудлуудын нэг болсон ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ач холбогдол өгч, цаг зав гарган ирсэн зочдод талархал илэрхийлээд, дараагийн удаад Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон бусад дэд бүтцийн төслийн талбайд зочилж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцахыг урилаа.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хүрээнд хэрэгжүүлж буй үндсэн гурван төсөл болох Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн талаар ерөнхий мэдээлэл өгсөн бол төсөл тус бүрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар холбогдох төслийн захирлууд тус тус танилцуулга хийлээ. Түүнчлэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, жендэр, нийгмийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа болон төсөл, үйл ажиллагаанд баримталдаг дүрэм, журмууд, тэдгээрийг хэрэгжилтийн талаар мөн мэдээлэл өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулан санал солилцов.
Монголын МСС нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд, эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий үндсэн гурван төслөөс бүрдэх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотод ойрын хугацаанд учирч болзошгүй усны хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор ус хангамжийг газрын доорх усны нөөцөөс урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхийн зэрэгцээ ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
###
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.