Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэлд хамтран ажиллахаар БХБЯ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2023-03-31

 Dsc4123 Min

Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр – Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) болон Монголын Мянганы сорилтын сан(Монголын МСС)-ийн хооронд Барилгын салбарт жендэрийн тэгш байдлын хангах чиглэлд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд боллоо.

AНУ-ын Мянганы сорилтын корпорацын “Жендэрийн бодлого”, Монголын Мянганы сорилтын сангийн “Нийгэм, жендэрийн оролцоог хангах нэгдсэн төлөвлөгөө”-нд заасны дагуу Монголын МСС нь Компакт гэрээгээр санхүүжүүлж буй дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явц, үр дүнд орон нутгийн иргэдийн амьжиргаа, эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүлэх, сөрөг нөлөөг бууруулах, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулахыг зорин ажилладаг юм.

БХБЯ-аас “Барилга, хот байгуулалтын салбар дахь жендэрийн талаар баримтлах бодлого 2018-2025” баримт бичгийг салбарын онцлогт нийцүүлэн боловсруулж, дагалдах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарууд дундаас анхдагч, үлгэр жишээ болж байна.

 Dsc3979 Min

 Dsc4017 Min

 Dsc4048 Min

Ёслолын арга хэмжээг нээж, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн С.Магнайсүрэн, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин захирал Тина Юү нар үг хэлсэн бөгөөд БХБЯ-ны дэргэдэх жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Лхамсэржид Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр БХБЯ-ны зорилт хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монголын МСС-ийн Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал А.Отгончимэг Төслийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр МСК болон Монголын МСС-ийн дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус танилцуулав.

 Dsc4067 Min

 Dsc4106 Min

 Dsc4115 Min

Тус арга хэмжээнд Монголын барилгын үндэсний ассоциац, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банкны төлөөлөл мөн оролцож, барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулан, сайн туршлага, мэдээллээ хуваалцан, олон нийтэд түгээх, санамж бичгийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцлоо.

 Dsc4091 Min

 Dsc4073 Min

 Dsc4090 Min

 Dsc4092 Min

БХБЯ, Монголын МСС болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн ажиллах хүчийг нэмэгдүүлж, салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн бүх үе шатад нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах шалгуур үзүүлэлт, шаардлагыг бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжүүлэлтэд тусган хэрэгжүүлдэг сайн жишгийг бий болгохын зэрэгцээ барилгын салбар дахь нийгмийн оролцоо, жендэрийн талаарх тоон мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх боломжтой мэдээллийг санг бий болгох юм. 

###

Монголын Мянганы сорилтын сангийн тухай

Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. 

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.