
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар нар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монголын МСС, АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын удирдлагууд болон АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтийн эрхийг нээхэд МСК-ын зүгээс Монгол Улсын Засгийн газарт тавьсан урьдач нөхцөлүүдийн биелэлтийг хангах ажлыг яаравчлуулж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын эхэнд АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Грегорий Мэй Засгийн газрын хүлээсэн үүрэг амлалтуудыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй БХБЯ-д туйлын талархаж буйгаа илэрхийллээ.

АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин 2021 он бол Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээ хэрэгжих таван жилийн хугацаа тоологдож эхлэх онцлог жил болохыг тэмдэглээд, "Компакт гэрээний санхүүжилтээр ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, ус гүн цэвэршүүлэх байгууламж, Монголд анхдагч томоохон томоохон хэмжээний хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхийг бэхжүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бий болно. " гэв.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монголын МСС зайнаас ажиллах горимд шилжин төлөвлөгөөт ажлаа цаг хугацаанд нь, сааталгүй хийж хэрэгжүүлснийг дурдаад, Компакт гэрээгээр Засгийн газрын хүлээсэн үүрэг амлалт, урьдач нөхцөлүүдийн биелэлтийг хангахад БХБ-ын сайд болон яамны зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж, нягт хамтран ажиллаж байгааг мөн онцоллоо.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Монгол Улс эхний Компактыг амжилттай хэрэгжүүлсний адил хоёр дахь Компакт гэрээг ч амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гээд, АНУ-ын МСК-ын энэ удаагийн буцалтгүй тусламж Монгол Улсад, нэн ялангуяа нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт туйлын чухал хөрөнгө оруулалт гэдгийг төр, засаг, нийслэл, ард иргэд бүх төвшиндөө ойлгож ухамсарлах нь чухал гэв. Мөн гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан нэмэлт нөхцөлүүдийн биелэлтийг хангахад холбогдох бүх талын оролцоо, хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлоод, БХБЯ-ны зүгээс боломжит бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.