Усны газрын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ
2020-10-14

Dsc 0437

Улаанбаатар хот, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн удирдлага 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Усны газрын газрын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийж, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө, түүний хэрэгжилт, хяналт, бохирдлыг бууруулах болон бусад асуудлаар ярилцаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Dsc 0441

Уулзалтад Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, холбогдох төслийн захирал, мэргэжилтнүүд, Усны газрын дарга Ш.Мягмар болон тус газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Dsc 0470

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтын эхэнд Монгол Улс дахин Усны агентлагтай болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, “Цаашид бид өргөн хүрээнд, нягт хамтран ажиллаж, энэ том төслийн ард хамтдаа амжилттай гарна гэдэгт итгэлтэй байна. Харин энэ удаагийн уулзалтаар зөвхөн үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг хангах асуудлаар ярилцах юм. Энэ төлөвлөгөөг боловсруулж, батлах нь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын заавал биелүүлэхээр хүлээсэн урьдач нөхцөлүүдийн нэг.” гэв.

Dsc 0435

Усны газрын дарга Ш.Мягмар “Усны асуудал бол манай улсын хувьд амин чухал, суурь асуудлуудын нэг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч сая орон нутагт ажиллах үеэрээ тодотгож хэлсэн байгаа. Зөвхөн манай улсын ч биш, дэлхий дахины асуудал. Тэр ч утгаараа төр, засаг бидний ажлыг их дэмжиж байгаа. Компакт гэрээгээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хувьд усны салбарт хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Усны газар байгуулагдаад удаагүй байгаа ч олон ажил хийхээр төлөвлөөд байгаагийн нэг нь үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах. Бидний хувьд Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг  хэрэгжилтийг хангах, хяналт тавих, бохирдлыг бодитоор бууруулах, түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагалдах журмуудыг амьдралд нийцүүлэх, сайжруулах чиглэлд Монголын МСС-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Dsc 0484

Уулзалтаар Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний төслийг танилцуулж, төслийг хэрхэн сайжруулах, батлагдсаны дараа хэрэгжилт, хяналтад хэрхэн хамтран ажиллах болон бусад асуудлаар Усны газрын төлөөллийн саналыг сонслоо.

Талууд цаашид усны салбарын хууль эрхзүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах чиглэлд нягт хамтарч ажиллахаар ярилцав. Түүнчлэн Компакт гэрээний хүрээнд үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах болон олон нийтийн усны хэрэглээн дэх буруу дадал, хандлагыг өөрчлөх, усны үнэ цэнэ, бохирдлын өртгийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцлоо.

Dsc 0497

Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын бохир ус татан зайлуулах сүлжээнд хаяж буй үйлдвэрийн хаягдал усны бохирдлын түвшинг цаашид тогтмол хяналттай болгож, шинэ Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагааг хангах, улмаар шинэ ТЦБ-ийн дэргэд Компакт гэрээний санхүүжилтээр баригдах Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Монголын МСС нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд жилдээ 50 сая хүртэл метр куб усыг хотын төвлөрсөн шугамд нийлүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны хоёр шинэ эх үүсвэрийг ус гүн цэвэршүүлэх байгууламжийн хамт, шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт тус тус барьж байгуулна. Түүнчлэн усны салбарын хууль эрхзүйн орчин, институцийн чадавхийг сайжруулах, олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх замаар тус салбарын тогтвортой байдлыг хангаж, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалах зорилго бүхий төслийг мөн хэрэгжүүлнэ.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.