Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-тэй уялдуулна
2020-10-27

Dsc 0046 E

Улаанбаатар хот, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр – "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулж байгаатай холбогдуулан нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангаж, ерөнхий төлөвлөгөөнд тусгах зорилгоор Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн төлөөлөл Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн Ерөнхий инженер Ж.Баясгалан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний үзэл баримтлал, төлөвлөлтийн үндсэн шийдэл, онцлогийн талаар танилцуулж, ирэх нэг жилийн хугацаанд үндсэн төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулж ажиллах талаараа мэдээлэл хуваалцав.  

Dsc 0072

Үргэлжлүүлэн Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ, түүний хүрээнд хэрэгжүүлж буй гурван үндсэн төслийн талаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос танилцуулав. Тэрээр “Та бүхний боловсруулж байгаа энэ ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн суурь баримт бичиг гэж ойлгож байгаа. Хотын хөгжлийг ус хангамжгүйгээр төсөөлж, төлөвлөх боломжгүй. Энэ удаа Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг нийслэл хотын хөгжлийг дагаад өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулж боловсруулсан. Одоо 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд мөн тусгаж, уялдуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдөр цаг үеэ олсон ийм чухал уулзалт болж байгаад олзуурхаж байна” гэлээ.

Dsc 0049 E

Dsc 0075 E

Уулзалтын төгсгөлд талууд цаашид харилцан мэдээлэл солилцож, ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-тэй уялдуулах болон бусад чиглэлээр илүү нягт хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтад Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийг төлөөлж Судалгаа хариуцсан орлогч дарга С.Очир-Эрдэнэ, Ерөнхий инженер Ж.Баясгалан, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбат, Дэд бүтцийн хэлтсийн дарга Ш.Энхжаргал, Монгол Улсын Зөвлөх инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер М.Эрдэнэцэцэг, Төлөвлөлт хариуцсан Ахлах мэргэжилтэн Э.Уянга нар, Монголын МСС-ийн  талаас Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал, Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирал Ц.Дашзэвэг, Мониторинг, үнэлгээний захирал Б.Ууганбаяр нар оролцлоо.

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" нь нийслэл Улаанбаатар хотын ирээдүй хэтийн нийгэм, эдийн засаг, газар ашиглалт, орон сууц, дэд бүтэц, тэр дунд инженерийн дэд бүтэц, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний цогц төлөвлөлт, шийдлийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь баримт бичиг юм. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр "Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө", түүнчлэн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд тусгасанчлан баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын ирээдүйн эдийн засгийн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох чухал ач холбогдолтой юм.

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд жилдээ 50 сая хүртэл метр куб усыг хотын төвлөрсөн шугамд нийлүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны хоёр шинэ эх үүсвэрийг ус гүн цэвэршүүлэх байгууламжийн хамт, шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт тус тус барьж байгуулна. Түүнчлэн усны салбарын хууль эрхзүйн орчин, институцийн чадавхийг сайжруулах, олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх замаар тус салбарын тогтвортой байдлыг хангаж, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалах зорилго бүхий төслийг мөн хэрэгжүүлнэ.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.