Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Монголын Мянганы сорилтын сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2020-09-15

Fixed

Улаанбаатар хот, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр – Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Барууны эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирал Ц.Дашзэвэг нарыг хүлээн авч уулзлаа.

Fixed 2

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаануудыг танилцуулж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэж буй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, үнэлгээний дагуу боловсруулж хэрэгжүүлэх Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний талаар чиглэл хариуцсан захирлууд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн эдгээр төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд БОАЖЯ-ны гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар санал солилцов.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалтыг биелүүлэхэд БОАЖЯ-ны үүрэг оролцоо, хамтын ажиллагааны чухлыг онцлоод, цаашид илүү анхаарал хандуулж, дэмжин ажиллахыг хүслээ.

Fixed 3

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Компакт гэрээний санхүүжилтээр хийж хэрэгжүүлэх ажил, хэрэгжилтэд яамны зүгээс ямар оролцоотой байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархаад, Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалтаас байгаль орчны салбарт хамаарах асуудлуудыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болох иргэд, олон нийтийн усны талаарх дадал хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх хамтын ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам бэлэн байгааг онцлон тэмдэглээд, усны зөв хэрэглээ, усаа хайрлаж, хамгаалах, усны хомстлоос сэргийлэх цогц ажлыг хамтран хийж гүйцэтгэснээр илүү үр дүнд хүрнэ гэж харж байна гэлээ.

Мөн энэ уулзалтын үеэр Компактын хүрээнд АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн Туул голын хурдасны дээжлэлтийн судалгааны тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өглөө. Уг судалгаагаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн ус Туул голд  нийлж буй хэсгээс доош голын ёроолд тунаж хуримтлагдсан бохирдлын хэмжээ, лагийн шинж чанарыг тодорхойлсон юм. Энэ төрлийн судалгааг  Монгол Улсад анх удаа Монголын МСС-ийн Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн зураг төсөл боловсруулах зөвлөх компани хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүн, зөвлөмжийг үндэслэн Туул голын доод хэсэгт хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх, голын экосистемийг нөхөн сэргээх боломжийг судалж, бусад донор байгууллагуудтай нягт хамтран ажиллах замаар ажил хэрэг болгох санал санаачилгыг Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс тавилаа.

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр санхүүжүүлэх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд жилдээ 50 сая хүртэл метр куб усыг хотын төвлөрсөн шугамд нийлүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт, түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт тус тус барьж байгуулахаас гадна усны салбарын хууль эрхзүйн орчин, институцийн чадавхийг сайжруулах, олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх замаар тус салбарын тогтвортой байдлыг хангах, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалах зорилго бүхий төслийг мөн хэрэгжүүлнэ.

 

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.