Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын Гүйцэтгэх захиралтай цахим уулзалт хийлээ
2020-11-02

Picture1

Улаанбаатар хот, 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Шон Кернкросстой цахим уулзалт хийлээ.

Maxresdefault

Уулзалтын эхэнд АНУ-ын МСК-ын Гүйцэтгэх захирал ноён Шон Кернкросс Компакт гэрээгээр санхүүжүүлж буй төслийн үйл ажиллагааг Монголын МСС цар тахлын энэ амаргүй цаг үед ч амжилттай үргэлжлүүлж, төлөвлөсөн ажлуудаа цаг тухайд нь хийж хэрэгжүүлж байгаад баяр хүргэв.

Viber Image 2020 11 03 16 51 310

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос хариу талархал илэрхийлээд, АНУ-ын МСК-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн бэлтгэл ажил, цаашдын төлөвлөлтийн талаар товч мэдээлэл өгөв. Мөн төсөл хэрэгжүүлэх хугацаанд учирч болзошгүй эрсдэлүүд, Ковид-19 цар тахлын дам нөлөө зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Үргэлжлүүлэн Компакт гэрээний санхүүжилтийн эрх үүсгэхэд МСК-ын зүгээс тавигдсан болзолт нөхцөлүүдийг хангах чиглэлээр Засгийн газар, холбогдох яам, агентлагуудтай нягт хамтран ажиллаж байгааг онцгойлон дурдав. Тэрбээр “Монголын МСС-ийн нэг онцлог нь бид Америкийн талаас санал болгож буй төслүүд биш, өөрсдийн судалж, сонгож боловсруулсан төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тиймдээ ч эдгээр төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжлийн томоохон зорилтуудын нэг болсон. Монгол Улсын Засгийн газар ч нийслэл хотын эдийн засгийн өсөлт, хөгжил, цаашлаад иргэд, оршин суугчдын ахуй амжиргааг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, түлхэц болох чухал ач холбогдолтой төсөл гэдэг утгаар хүлээн авч, холбогдох яамд, агентлагууд хоорондоо маш нягт хамтарч ажиллаж ирсэн. Товчхондоо, төр, засгийн зүгээс Мянганы сорилтын сангийн амжилт бол бидний амжилт, сорилт нь ч бидний сорилт гэдэг зарчмаар хариуцлагатай, өөриймсөг хандан, төслөө хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Түүнчлэн Монгол Улс дахь Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, Засгийн газрын хэрэгжүүлэн ажиллаж буй арга хэмжээнүүдийн талаар товч мэдээлэл өгөв. Монголын МСС-ийн хувьд цар тахлаас үүдэлтэй эрсдэлийг цаг тухайд нь үнэлж, амжилттай удирдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, зураг төсөл боловсруулах болон төлөвлөгөөт бусад ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж буйг дуулгалаа.  

Viber Image 2020 11 03 16 53 26

Төгсгөлд нь, нийслэл Улаанбаатар хотын ирээдүй хэтийн хөгжлийн суурь болох ус хангамжийн асуудлыг шийдэж, том зургаар харахад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд асар том хөрөнгө оруулж буй АНУ-ын Мянганы сорилтын корпорацад, түүнчлэн өдөр тутамдаа зөвлөж, техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй МСК-ын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин, МСК-ын Усны асуудал хариуцсан Ахлах захирал Кумар Ранганатан нар болон дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж бүх захирал, мэргэжилтнүүдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.