Улаанбаатар хот, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр – Ковид-19 цар тахлын халдвар дотоодод тархсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Монголын Мянганы Сорилтын сан (Монголын МСС) зайнаас ажиллах горимд шилжин үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 19 болон 20-ны өдрүүдэд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК), Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Усны зохицуулах зөвлөл), Монголын МСС-ийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулан “Зардал нөхөх төлөвлөгөө” болон “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэлэлцэх олон талт уулзалтуудыг цахимаар зохион байгууллаа.
2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн цахим уулзалтад Усны зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун, АНУ-ын талаас МСК-ын Усны барилга байгууламжийн асуудал хариуцсан ахлах захирал Кумар Ранганатан, МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал Алекс Рассин, Монголын Мянганы сорилтын сангаас Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт болон холбогдох бусад захирлууд оролцож, Зардал нөхөх төлөвлөгөөг эцэслэн боловсруулах улмаар батлуулах асуудлыг нарийвчлан хэлэлцлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын усны эрэлтэд нөлөөлж буй хүчин зүйлс, ус хангамж, ариутгах татуургын зардал нөхөхөд учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, түүнчлэн цар тахлаас улбаалан гарч болох хүндрэлүүд зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож, “Зардал нөхөх төлөвлөгөө”-нд тусгах зарчмын асуудлыг хэлэлцэн тохиров.
2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г боловсруулж, батлуулах асуудлаар хэлэлцэх АНУ-ын МСК, Монголын МСС болон БХБЯ-ны төлөөллийг оролцуулсан гурван талт уулзалтыг мөн цахимаар зохион байгууллаа. Уулзалтад БХБЯ-наас Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г. Цогтсайхан болон холбогдох мэргэжилтнүүд, АНУ-ын талаас МСК-ын Усны барилга байгууламжийн асуудал хариуцсан ахлах захирал Кумар Ранганатан, Дэд бүтцийн асуудал хариуцсан дэд захирал Гэйл Чэмберс, МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал Алекс Рассин, Монголын МСС-аас Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт болон холбогдох бусад захирал, мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтаар “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, тус төлөвлөгөөнд тусгах нэмэлт ажлууд, түүний дотор 14 бохирдуулагч үйлдвэрээс 24 цагийн хугацаанд авсан нэмэлт сорьц, тэдгээрийн лабораторийн шинжилгээний үр дүн, бохирдлын ачаалал, үйлдвэрийн хаягдал усны масс балансын тооцоолол, түүнчлэн 11 дүгээр сарын 3, 6, 10-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгүүдийн үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэж тохиролцлоо.
“Зардал нөхөх төлөвлөгөө” болон “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г АНУ-ын МСК-ын корпорацын шаардлагад нийцүүлэн боловсруулж, батлуулах нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтийн эрхийг нээхэд МСК-ын зүгээс тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүд бөгөөд энэхүү хоёр томоохон цогц төлөвлөгөөг боловсруулах, холбогдох газруудаас санал авч тусгах, улмаар төлөвлөсөн хугацаандаа Засгийн газраар батлуулахад бэлэн болгох ажлыг цахимаар амжилттай зохион байгуулж байна.
Монголын МСС нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд жилдээ 50 сая хүртэл метр куб усыг хотын төвлөрсөн шугамд нийлүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны хоёр шинэ эх үүсвэрийг ус гүн цэвэршүүлэх байгууламжийн хамт, шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт тус тус барьж байгуулна. Түүнчлэн усны салбарын хууль эрхзүйн орчин, институцийн чадавхийг сайжруулах, олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх замаар тус салбарын тогтвортой байдлыг хангаж, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалах зорилго бүхий төслийг мөн хэрэгжүүлнэ.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.