Шинэ төв цэвэрлэх байгууламжийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийв
2020-09-11

Dsc 0018

Улаанбаатар хот, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн гүйцэтгэх удирдлага 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад Монголын ММС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт болон Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Т.Болорчулуун, төслийн инженер Д.Анхбат нар оролцов.

Dsc 0021

Уулзалтаар талууд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, үйл ажиллагааны хэрэгжилт болон Шинэ төв цэвэрлэх байгууламж (ШТЦБ)-ийн зураг төсөл, барилга, угсралтын ажлын явцын талаар мэдээлэл солилцож, Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход Монгол Улсын Засгийн газрын заавал биелүүлэх ШТЦБ-тай холбоотой урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хангах болон бусад чиглэлээр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.

Dsc 00311

Шинээр барьж буй төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч, дахин боловсруулан ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах юм. Монгол Улсад хамгийн томд тооцогдох энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор техникийн зориулалтаар ашиглаж буй газрын доорх усны эрэлтийг бууруулж, улмаар энэ хэмжээний чөлөөлөгдсөн эх үүсвэрийг Улаанбаатар хотын унд, ахуйн ус хангамжийг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой болох юм.

Уулзалтын үеэр мөн Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал усны бохирдлыг 2013 оны түвшин буюу түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах, түүнчлэн АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын санхүүжилтээр хийлгэсэн судалгаанд үндэслэн Туул голын хагшаасыг цэвэрлэх боломжийг судалж, ажил хэрэг болгох талаар хамтран ажиллах санал, санаачилгыг Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс гаргасан бол Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн зүгээс  усны салбарын боловсон хүчин, тэр дундаа зохих түвшинд бэлтгэгдсэн цэвэрлэх байгууламжийн технологич инженер дотооддоо бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс гадна Газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр, түүнчлэн Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг мөн барьж байгуулах бөгөөд жилдээ Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлсэн 50 сая куб метр усыг Улаанбаатар хотын оршин суугчид, үйлдвэр, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийлүүлэх юм. Үүнээс гадна усны салбарын хууль эрхзүйн орчин, институцийн чадавхийг сайжруулах, олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх замаар тус салбарын тогтвортой байдлыг хангах, Компактын үр ашгийг урт хугацаанд хадгалах зорилго бүхий Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг мөн хэрэгжүүлнэ.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.