
Улаанбаатар хот, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр – АНУ-ын Мянганы Сорилтын корпорац (МСК)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Рассин, Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос нар өнөөдөр "Усны Нөөцийн Бүлэг 2030" –ийн Монгол Улс дахь Суурин зохицуулагч, “Цэнгэг усны хүрээлэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Доржсүрэнг хүлээн авч уулзан, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын МСС-ийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх мөн байлцав.

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажлын явцын талаар танилцууллаа.

Суурин төлөөлөгч Алекс Рассин "Усны Нөөцийн Бүлэг 2030" –ийн хийж хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны талаар асууж тодруулав. Доктор Д.Доржсүрэн "Усны Нөөцийн Бүлэг 2030"-ийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй Нийслэлийн БЗД-ийн нутаг дэвсгэр дэх Амгалангийн дулааны станцын техникийн усны хэрэгцээнд хөрсний усыг ашиглах туршилтын төслийн талаар товч мэдээлэл өглөө.


Мөн талууд Монгол Улсын Усны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс гарч буй усны бохирдлыг бууруулах асуудлаар харилцан санал солилцов.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос энэ үеэр Компактын хүрээнд АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн Туул голын хурдасны дээжлэлтийн судалгааны тайланг БОАЖЯ-д хүлээлгэж өгсөн талаар дурдаад, тус судалгааны үр дүн, зөвлөмжийг үндэслэн Туул голын доод хэсэгт хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх, голын экосистемийг нөхөн сэргээхэд донор байгууллагууд, тэр дундаа Дэлхийн банк, "Усны Нөөцийн Бүлэг 2030"-ийн зүгээс оролцож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Эцэст нь, ноён Алекс Рассин Ус гүн цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт санал ирүүлэх сонирхолтой компаниудад зориулан Монголын МСС-аас удахгүй зохион байгуулах гэж буй танилцуулга уулзалтын талаар мэдээлэл өгөв.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.