Улаанбаатар хот 2021 оны 10дугаар сарын 20 - Монголын Мянганы сорилтын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй усны талаар илэн далангүй ярилцдаг “Усны тухай ярилцъя -2” уулзалт “Улаанбаатар хотын хаягдал усны бохирдол” сэдвийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө.
Энэ удаагийн уулзалтад Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Нийгэм, жендерийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал А.Отгонтуяа, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал Б.Амарсанаа, Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн Б.Батдэлгэр, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн Т.Цэцгээ болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон 20 гаруй редактор, нийтлэлч, сэтгүүлч нар оролцлоо.


Уулзалтын үеэр Монголын МСС-ийн зүгээс Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрэх үр дүн, Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны бохирдлын талаарх баримтууд, бохирдлыг бууруулах хэрэгцээ шаардлага, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, болон Монгол Улсын Засгийн газрын баталсан Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний талаар тус тус танилцуулга хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан усны асуудлаар халуун яриа өрнүүллээ.

Мөн нээлттэй асуулт хариултын үеэр сэтгүүлчид бохирдуулагч ангилалд багтдаг үйлдвэрүүдийг хэрхэн тодорхойлдог, Төв цэвэрлэх байгууламжид ирдэг бохир усны агууламж болон Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Монголын МСС анх удаагийн “Усны тухай ярилцъя” уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж дэлхийн усны өнөөгийн нөхцөл байдал, ус дахин боловсруулах хэрэгцээ шаардлага болон Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд сэдвээр мэдээлэл хүргэж байв.


