Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй усны тухай ярилцлаа
2019-10-04
 Nz 0882

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй “Усны тухай ярилцъя” уулзалт хийх үеэр. Монгол Улс, Улаанбаатар хот. 


Улаанбаатар хот, 2019 оны 10 дугаар сарын 04 – Монголын Мянганы сорилтын сангаас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний талаар хэвлэл мэдээллийн салбарынханд мэдээлэл өгөх зорилготой “Усны тухай ярилцъя” өглөөний уулзалтыг  2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Монголын Үндэсний Радио Телевиз, МОНЦАМЭ агентлаг, үндэсний өдөр тутмын Өнөөдөр, Өдрийн сонин тэргүүтэй хэвлэл мэдээллийн 22 төлөөлөл уулзалтад хүрэлцэн ирсэн бөгөөд АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Рассин, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх дэд захирал С.Зоригт болон төслийн  бусад холбогдох захирал, мэргэжилтнүүд уулзалтад оролцов.

Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Мянганы сорилтын хоёр дахь  Компакт гэрээг хэрэгжүүлснээр, Улаанбаатар хотод ойрын хугацаанд нүүрлэж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлтэй усны нийлүүлэлтийн хомсдолын асуудлыг шийдвэрлэж, онолын тооцооллоор 40, салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 100 жилийн хэрэглээний усыг авчрахаар зорьж буйг хэлээд, энэ их үйл хэрэгт түүчээлэн оролцохыг хэвлэл мэдээллийн салбарынханд уриалсан бол МСК-аас олгож буй энэхүү 350 сая ам.долларын санхүүжилт нь Америкийн ард түмнээс Монголын ард түмэнд үзүүлж буй буцалтгүй тусламж юм гэдгийг МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Рассин энэ үеэр онцлов.

Bi3a2875

"Усны тухай ярилцъя" уулзалтад хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл. Монгол Улс, Улаанбаатар хот. 

Уулзалтаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос дэлхийн усны өнөөгийн нөхцөл байдал, ус дахин боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар сэтгүүлчдэд танин мэдэхүйн сонирхолтой мэдээлэл өгсөн бол Гүйцэтгэх дэд захирал С.Зоригт хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан, амьдралыг тэтгэгч усны тухай нээлттэй, халуун яриа өрнүүллээ.

Уулзалт хэвлэл мэдээллийн төлөөллийн сонирхсон асуулт, хариулт, чөлөөт хэлэлцүүлгээр үргэлжилж, төгсгөлд нь хэвлэл мэдээллийн төлөөлөл улс орны хөгжлийн амин чухал хэсэг болсон усны салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх гэж буй АНУ-ын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацад талархаад, дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 

###

Монголын Мянганы Сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжиж буй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.